2019/09/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,670.87₮
B30
УЛААНБААТАР
16°
|
B30
УЛААНБААТАР
13°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
06:00
S29
-3°
07:00
S26
-2°
08:00
S30
09:00
S30
10:00
S30
10°
11:00
S30
12°
12:00
S32
14°
13:00
S30
15°
14:00
S30
16°
15:00
S32
16°
16:00
S32
15°
17:00
S32
14°

М.Алтанцэцэг: Та аав ээжийгээ хайрлаж чадаж байгаа юу?

ikon.mn
2019 оны 9 сарын 12
iKon.MN

Юнител Групп "Ногоон Зүрх-Аав ээжээ хайрлая" аяны хүрээнд ахмадуудад тулгамдаад буй нийгэм, соёл, эдийн засаг, сэтгэл зүйн асуудалд анхаарал хандуулан цуврал нийтлэлүүдийг хүргэж байна.


 

Aхмадуудын нийгэм, соёл, эдийн засгийн асуудал өдөр ирэх тусам тэдэнтэй хамт бүдгэрч байна. Гагцхүү бүгд хэзээ нэгэн цагт өндөр насанд очхоо ухамсарлан, ахмадуудын төлөө дуугарахгүй бол биднийг ч гэсэн ижил ирээдүй хүлээх болно. Өнөөдрийн ярилцлагын буланд ахмадын нийгэм соёл, сэтгэл зүйн асуудлаар "Хувь хүний хөгжлийн академын" захирал, сэтгэлзүйч М.Алтанцэцэгтэй уулзаж ярилцлаа. 


-Залуу болон ахмад хүмүүсийн хоорондох зөрчил ихэвчлэн юунаас болж үүсдэг вэ?

-Залуу эсвэл ахмад гэж ангилах хамгийн эхний үндэслэл нь мэдээж биологийн нас. Насны ангилалаар судлаачид орь залуу нас /18-25/, залуу нас /25-35/, идэр нас /45-60/,  хижээл нас /45-60/, өтөл нас /60-80/, өндөр нас /80-с дээш/ гэж ангилдаг. Олон улсын ангилалаас дундажлаад аваад үзвэл 50-с доош насны хүмүүс "залуу" гэсэн ангилалд, 70-с дээш наснынхан ахмад настны ангилалд ордог.

Залуу, ахмад хүмүүсийн зөрчлийн хамгийн том шалтгаан нь насны зөрүүтэй байдал, бие махбодийн энерги хүч, бодол сэтгэлгээний ялгаатай байдлаас үүсдэг. Залуу хүмүүсийн нөхцөл байдал, асуудалд хандах хандлага, амьдралыг үзээд туулчихсан ахмад настнуудын хандлагаас өөр байх нь ойлгомжтой асуудал. Ахмад хүмүүсийн хувьд хамгийн нийтлэг хандлагад нь өөрсдийгөө төгсгөлрүүгээ явж байна гэж бодох, хийх юмаа хийгээд, бүтээчихсэн гэж сэтгэл ханах, ажил хөдөлмөр эрхэлж байгаа залуусыг харахаараа өөрсдийн залуу нас, хийж бүтээж явсан ид үетэйгээ харьцуулж бодох зэрэг орно.

Гэтэл залуусын ажиллаж, хөдөлмөрлөж байгаа нийгэм, соёлын орчин өөрсдийнх нь үеийнхээс өөрчлөгдөж, хөгжсөн асар том ялгаа байдаг. Энэ нийгэм соёл, орчны өөрчлөлтийн ялгааг зарим настай хүмүүс эерэгээр хүлээн зөвшөөрч чадахгүй бухимдангуй хүлээн авах нь бий. Тэгээд  "Намайг залуу байхад" гээд ярьдаг даа.


Ахмад настны нийгмийн асуудал аль ч улс оронд нэлээд чухал, хурцадмал болж байна...


-Ойрын үед монголчууд хүүхдийн хүмүүжилд их анхаардаг болж. Үүнийгээ дагаад өөрсдийг нь хүмүүжүүлж хүн болгосон ахмад настай аав ээжээ мартаад байх шиг анзаарагддаг?

-Дэлхийн хүн амыг амьдрах орчин, соёлоор нь өрнө, дорно гэж хуваадаг. Манай дорнынхон ер нь гэр бүлсэг, ахмадаа хүндэтгэдэг соёлтой. Бид хүүхдүүд нь эмээ өвөө дээрээ өсөж, ээж аавыгаа гэртээ байлгаж, насан өөд болтол нь арчилж сувилдаг ард түмэн.

Барууны кинонуудаас харагддаг шүү дээ. Настай хүмүүс нь ахмадын асрамжийн газарт яг л цэцэрлэг шиг олноороо асруулж байдаг. Харин манайд ахмадын асрамжийн газар хуруу дарам цөөн. Дэлхийн стандартад хамгийн ойртох нь Батсүмбэр дэх Ахмадын үндэсний төв. Сүүлийн жилүүдэд хүмүүс хүүхдээ хэрхэн өсгөх талаарх тусламж, зөвлөгөө авах нь ихэссэн. Харин эсэргээрээ ахмадууд цаана нь мартагдаад байдаг. Учир нь Монголд тэтгэврийн насны хүмүүст зориулсан үйл ажиллагаанууд, нийгмийн халамж үйлчилгээ төдийлөн сайн биш.

Ажаад байхад ач зээгээ харах, цэцэрлэг сургуульд өгөх авах зэрэг гэр бүлийн нэргүй ажлыг их хийдэг.  Улсаас хүүхэдтэй залуу гэр бүлүүдэд хангалттай анхаарал хандуулдаггүй учраас залуучууд аав ээжээсээ тусламж авахаас өөр аргагүйд хүрдэг. Тиймээс гэр бүлүүд өөрсдийн дүрмээрээ, өөрсдийн боломжоороо  амьдарч байна.

Сүүлийн жилүүдэд дэлхий ертөнц насжилтын тал дээр маш их өөрчлөгдөж байгаа. НҮБ-ын нэг судалгаанаас харахад манай гараг дээрх 10 хүн тутмын нэг нь 60 болон түүнээс дээш настай байгаа юм. Энэ янзаараа 2050 он гэхэд таван хүн тутмын нэг нь 60 болон түүнээс дээш настай байх болно гэсэн урьдчилсан тооцоог гаргасан. Япон л гэхэд 127,0 сая хүн амтай. Tэднээс 30,0 сая нь тэтгэвэрийн насны хүмүүс байна. Иймээс гадны улс орноос ажиллах залуу хүчин авч байгаа юм. Энэ бүхнээс үзэхэд ахмад настны нийгмийн асуудал аль ч улс оронд нэлээд чухал, хурцадмал болж байна.

Жишээ нь Монгол улсын 55 ба түүнээс дээш насныхны нийгэмд эзлэх хувь 2045 он гэхэд хоёр дахин өснө гэсэн тоо баримт ч байдаг. Ахмад настны тоо өснө гэдэг тухайн улс орны нийгэм, эдийн засагт өөрчлөлт орж, ачаалал өснө гэсэн үг?

 

“Бид, манай” гэдэг үнэт зүйлс “би, миний” болжээ...


-Ахмад болон залуу хүмүүст үнэт зүйлийн зөрчилдөөн явагдаад байх шиг?

-Бие хүн болон төлөвшихөд нөлөөлдөг хамгийн чухал зүйл нь орчин юм. "Нийгмийн орчин" буюу том орчин, "гэр бүлийн орчин" буюу бичил орчин.  Орчин нь тухайн хүний бие сэтгэлгээ ертөнцийг үзэх үзэлд маш их нөлөөлөх хүчин зүйл юм. Бидний яриад байгаа 60,70 насныханы ид төлөвшиж, хөгжиж байсан үе нь социализмын үе. Социализмыг байгуулчихаад, коммунизмыг байгуулна гэж зүтгэж явсан хүмүүс. Үнэт зүйлс нь хөдөлмөрлөх, адил тэгш эрхтэй байх гэх мэт. Гэтэл одоо тэр үнэт зүйлс нь өөрчлөгдчихсөн. Тэр өөрчлөлтийг хүлээж авах нэг нь байхад хүлээж авахгүй нэг нь байна.

Монгол улсад 1980-д оны үед хийгдэж байсан суурь судалгаанаас дурдая. Тэр үед Монгол хүний хамгийн эрхэмлэн явдаг үнэт зүйлс юу вэ? гэсэн асуултын гол хариултууд "аав, ээж, эх орон, хөдөлмөр" гэж хариулсан байдаг. Харин сүүлд залуусын дунд хийсэн судалгаанаас үзэхэд үнэт зүйлс нь "мөнгө, карьер" гэх мэт зүйлс болж өөрчлөгдсөн. “Бид, манай” гэдэг үнэт зүйлс “би, миний” болжээ. Товчоор хэлбэл үнэт зүйлийн асар том өөрчлөлт явагдаж байна.

Залуус минь барууны соёлыг ямар ч цензургүй, шүүлтүүргүй даган дууриаж байна. Энэ нь бид Монгол хүний дархлааг үр хүүхдүүддээ өвлүүлж чадахгүй байгаатай холбоотой. Жишээ нь Япон хүүхдүүдэд цэцэрлэгийн наснаас нь “би япон хүн” гэж ойлгуулж өсгөдөг гэж ярьдаг. “Монгол хүн” гэсэн дархлаа сууж амжаагүй залуу хойч үеээ гадаадад их сургаж байна. Ялангуяа хил залгаа аймаг, сумдуудад хүүхдээ 7,8 наснаас нь хэл сургаж байгаа гэдэг шалтгаанаар хилийн гадна сургах тохиолдол элбэг байдаг. Эх хэлээ ч бүрэн эзэмшиж чадаагүй, эцэг эхийн хайр халамж хамгийн их хэрэгтэй насан дээрээ гадаад хүмүүстэй амьдарч, тэдний соёлоор хүмүүжиж байгаад харамсаж явдгаа нуумааргүй байна. Хүмүүжил төлөвшлийн гол суурь тавигддаг насаа хэл соёл өөр орчинд өнгөрүүлж ирчхээд эх орноо, ахмад настнаа, аав ээжээ хүндэтгэнэ гэхэд эргэлзээтэй. Иймээс үр хүүхдүүддээ сэтгэл зүйн дархлаа тогтоох, Монгол хүн болгон өсгөн хүмүүжүүлэх нандин үүрэг эцэг эх бүрийн цээжинд асаж байх ёстой юм. Тийм ч байж өөрсдөө ахмад настан болох тэр цагт залуу хойч үетэйгээ эерэг зөвөөр ойлголцох боломжоо олж авна.


Настай хүн ч бай залуу хүн ч бай хэн хэндээ хүндэтгэлтэй харьцаж байж зөрчил бага үүснэ...


-Ахмадууд хэдийн төлөвшил нь тогтчихсон хүмүүс. Иймээс зөрүүдлэх нь их. Энэ үед хэрхэн харьцах ёстой вэ?

-75-с дээш насны хүнийг зүгээр л тайван байлгах хэрэгтэй гэж үздэг. Ийм өндөр насны хүнийг өөрчлөх гэж оролдох шаардлагагүй. Харин 50-70 насныхан өөрчлөгдөж, хөгжих бүрэн боломжтой гэж үздэг. Монгол үг байдаг даа. “40 хүрсэн эр, Дөрөө дарсан ат” гээд. 40 нас бол боловсорч дуусаад сурсан мэдсэн бүхнээ бусдын төлөө, нийгмийнхээ сайн сайхны төлөө хэрэглэж, гаргах нас юм.

Өөрөөр хэлбэл 50 настай хүнд өөрчлөгдөх боломж байгаа гэсэн үг. Харин 65-с нээж буюу тэтгэврийн насны хүмүүстэй харилцахад харьцангүй хүндэрч эхэлдэг. Өөрийн гэсэн ертөнцөө бүтээчихсэн байдаг тул энэ насны хүмүүсийн үзэл бодлыг хүндэтгэж харьцах хэрэгтэй. Настай хүн ч бай залуу хүн ч бай хэн хэндээ хүндэтгэлтэй харьцаж байж зөрчил бага үүснэ. Залуусын хувьд аав, ээж, эмээ, өвөөгийнхөө өнцгөөс харахыг хичээх хэрэгтэй.


Шувууны хоосон үүр...


-Ахмадуудын сэтгэл хямралын талаар ярилцая?

-45-60 насны хооронд эмэгтэй, эрэгтэй хүмүүст бүгдэд нь цэвэршилт, шилжилт явагдаж эхэлдэг. Хүүхэд том хүн болохыг бид шилжилтын нас гэдэг. Яг л үүн шиг дараагийн шилжилт нь 45-60 насны хооронд явагддаг. Эрч хүчтэй наснаасаа, ахмад настан болох шилжилт юм. Энэ үед хямрал явагдаж эхэлдэг. Өөрийгөө хүчгүйгээр мэдэрч, бүх зүйл дууссан мэт санагдана. "Шувууны хоосон үүр" гэдэг хам шинж эмгэг илэрдэг. Цэвэршилт, шилжилттэй холбоотой сэтгэл гутралд орж, анхаарал тогтворгүйжиж, залуу насандаа хийж амжаагүй зүйлсийн харуусал, хөгширч буйгаа мэдрэх айдас, гутралд орох гэх мэт шинж тэмдэгүүд илэрнэ.

Яагаад "Шувууны хоосон үүр" гэдэг вэ гэхээр үр хүүхдүүд нь тусдаа гарч, орон гэр нь эзгүйрэн хоосорч байгаа мэдрэмжийг авдгаас болдог. Мөн нэг элбэг тохиолддог зүйл нь хань ижлээ алдах. Дээрээс нь тэтгэвэрт гарж, хамт олноосоо холдох, ажилгүй болох зэргээс хямралууд бий болдог. Энэ хямралын үед үр хүүхдүүд нь дарамтлах эсвэл нийгмээс гадуурхал мэдэрвэл бүр ч их хямардаг. Ахмадуудын хамгийн их өртдөг сэтгэцийн эмгэгийг сэтгэл гутрал гэж үздэг.

 

Ахмадуудад ажил хийж, олны дунд байх нь чухал.
Цалин биш...


-Манай ахмадуудын үнэт зүйл нь хөдөлмөр гээд ярилаа. Зарим ахмадууд тэтгэврийн насанд очсон ч ажил хийж байгаа харагддаг?

-Тэтгэвэрт гарсан гэдэг нь ажлаа хийж чадахаа больсон гэсэн үг биш. Нөгөө талаасаа хувь хүн өөрөө хэзээ нэгэн цагт тэтгэвэрт гарч ахмад настан болно гэдгээ эртнээс хүлээн зөвшөөрч бэлтгэлтэй байвал дээр ярьсан хямралыг хөнгөн даван туулна. Барууны орнуудын сайн жишээнүүд олон бий. Тэтгэвэртээ гарсан мэргэжилтнүүдийг бага цалинтай, бүр цалингүй ч хамаагүй ажлуулж, тэдний арвин туршлагыг залуу ажилтнуудад заалган өвлүүлэх хандлага их болсон. Ахмад настнуудад ажил хийж, олны дунд байх нь чухал, харин цалин төдийлөн чухал биш байдаг.

Манай ахмадын асрамжийн газруудад настай хүнийг өдөрт дор хаяж хоёр цаг хөдөлмөр эрхлүүлэх тухай заасан байдаг. Батсүмбэрийн асрамжийн газар дээр жишээлж ярья. Нэг талаас манай ахмадууд тун хөдөлмөрч хүмүүс учир ямар нэгэн зүйл хийж байж цаг хугацаа өнгөрдөг. Тиймээс гар урлан, зураг зуруулах гэх мэт зүйлсийг хийлгэдэг. Очход ахмадуудын бүтээлүүд өрөөстэй байдаг нь гайхалтай шүү. Нөгөө талаас хөдөлж, ямар нэгэн зүйл хийж байхыг хүсдэг ч бие махбодийн хувьд боломжгүй үйлчлүүлэгчид байдаг. Улсаас хоол, байр гэх мэт наад захын л хэрэгцээнүүдийг нь даадаг.

Хэдийгээр ажлаа сэтгэлээсээ хийж яваа нийгэм соёлын ажилтнууд байдаг ч хүний нөөц нь хангалттай биш. Ахмадуудад эрүүл мэнд болон сэтгэл зүйн туслалцаа дэмжлэг асар их шаардлагатай байдаг ч одоогоор улс шийдэж өгч чадахгүй байна. Үүн дээр манай томоохон компаниуд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ахмадууддаа тусалж байна. Жишээ нь сая Юнител Групп 80 сая төгрөгөөр тус газарт тулгамдаад байсан түргэний тэрэг, байнгын асаргааны үйлчлүүлэгчийн ор гэх асуудлыг нь шийдээд өгчихлөө. Үнэхээр улсаас ямар нэгэн арга хэмжээ авж чадахгүй байхад хувийн компани "мартагдсан" ахмадуудад тусалж байна гэдэг сайшаалтай хэрэг юм.

Манай дорнын соёл зарим ажлын байрны соёлд нөлөөлдөг. Залуу, сайхан, өндөр, царайлаг гэх мэт шаардлагууд тавигддаг. Харин бид америкийн онгоцоор үйлчлүүлэхэд ахмад настай, махлаг үйлчлэгчидтэй олон таардаг. Тэгэхээр нийгмээрээ, ажил олгогч нар энэ тал дээр анхаарах цаг болсон. Ахмад настнууд ажил хийж байгаагаараа өөрийгөө хүнд хэрэгтэй байна, цаашид урт наслах хэрэгтэй гэсэн өөртөө итгэх итгэл, эерэг сайн мэдрэмжийг авч түүгээрээ тэжээгдэн амьдрал нь чанаржих боломжтой. 


Улсаас ямар нэгэн зүйлийг хүлээснээс
өөрөө дуртай зүйлээ хийж эхэлсэн нь дээр...


-Ахмадууд өөрсдөө ямар арга хэмжээ авбал зохих вэ?

-Тэтгэвэрт гарахаар нэг талаасаа хэнд ч хэрэггүй гэсэн мэдрэмж төрдөг ч нөгөө талаасаа асар их чөлөөт цагтай болчихдог. Одоо манай ахмадууд ууланд алхаж, нийтийн бүжгээр хичээллэх нь их болсон. Мөн энэ их мэдээллийн эрин зуунд өөрөө хичээх л юм бол боломж асар их байна. Ач зээгээ өсгөх ч гэсэн үр хүүхдүүдийнхээ төлөө хийж буй сайхан ажил шүү дээ. Энэ бүхнийг эерэгээр хүлээн авч, сэтгэлээсээ хандахад л болно. Улсаас ямар нэгэн зүйлийг хүлээснээс өөрөө дуртай зүйлээ хийж эхэлсэн нь дээр. Саяхан манай улсын 88 настай ахмад дэлхийн гүйлтийн рекордыг эвдсэн шүү дээ.

-Настай хүмүүсийг хувь хүний хөгжлийг талаас нь яаж дэмжвэл зохистой вэ?

-Ер нь эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдээ бодвол бага байдаг. Яагаад гэвэл өөрсдийгөө сэдэлжүүлэхдээ муу. Харин эмэгтэйчүүд энэ тал дээр хамаагүй "арчаатай". Хаана ямар уулзалт, шинэ ном, секц гээд үргэлж шинэ зүйл эрэлхийлж байдаг. Хүн үнэхээр хүсвэл нас гэдэг зүгээр тоо гэдгийг баталсан олон кейсүүд байна. Жишээ нь алдарт тахиан махны жорыг зохион бүтээсэн хурандаа Сандерс насаараа бүтэл муутай явсан ч 65 насандаа амжилтад хүрсэн байдаг. Ном унших, ач зээ нартаа үлгэр домог ярих, юм нэхэх зэрэг нь марталтаас сэргийлнэ. Өглөө үдэш дасгал хөдөлгөөн хийх, мод бут тарих, арчлах, мал ахуй эрхлэх, тав арваараа нийлж тоглох зэрэг нь бие махбодь сэтгэл санааг эерэг, эрүүл байлгах гол эх үүсвэр болдог гэж үздэг.


Би чамд аз жаргалыг хүсье...


-Ахмадуудын сэтгэцийг хэрхэн залуу байлгах вэ?

-Хүн ямар ч настай байсан аливаа зүйлд эерэгээр хандах нь сэтгэлгээг эрүүл байлгадаг. Би энд алдарт жүжүигчин Ричард Гирийн АЗ ЖАРГАЛЫН ЖОР-ыг танилцуулмаар санагдлаа. Тэрээр “Би олон жилийн өмнөөс, энгийн мөртлөө хүчирхэг нэгэн аргыг хэрэглэж эхэлсэн билээ. Замдаа таарсан хэнийг ч бай, хүн ч бай, шавьж ч бай, тухайн амьтанд миний зүгээс нэг л бодол төрдөг:”БИ ЧАМД АЗ ЖАРГАЛЫГ ХҮСЬЕ”. Хамгийн гол нь “БИ ЧАМД АЗ ЖАРГАЛЫГ ХҮСЬЕ” гэсэн бодол хамгийн түрүүнд бодсон бодол байх ёстой. Энэ нь тухайн хүн болон бидний хооронд болох үйлийг бүрэн өөрчилдөг.

Би үүнийг өөрийн туршлагаасаа хэлж байна. Чи өөрийн эргэн тойронд нэгэн орон зайг бий болгодог. Сөрөг сэтгэл хөдлөл гарч ирээд, чиний дээр гарах гэхэд нь чи өөрчилж амждаг. Ямар нэгэн мунхаглал уур, хорсол миний зүгээс ч, нөгөө хүнээс ч гардаг. Түүнийг өөрчилж суллаж явуулаад, ХАЙР болгон өөрчил. ”БИ ЧАМД АЗ ЖАРГАЛЫГ ХҮСЬЕ!” Оролдоод үзээрэй, Таны амьдрал хэрхэн өөрчлөгдөхийг хараарай” гэсэн байдаг. Ахмад настнууд залуу сэтгэлгээтэй байхад энгийн зүйлд ч гэсэн эерэгээр хандаж, өөрийнхөө насыг хүлээн зөвшөөрч, найз нөхөдтэйгээ уулзан ярилцаж, эргэн тойрондоо сайн сайхныг түгээн амьдрах болно.


Хүн өөрөө урт насална гэдгээ тооцоолж,
бэлтгэлтэй байх хэрэгтэй...


-Үр хүүхдээсээ болоод ганцаардал, үл хүндлэл, санхүүгийн хараат байдалд орсон хөгшид их харагдах юм?

-Өтөл насандаа үр хүүхдийнхээ талаар санаа зовохгүй байгаа хүнийг хамгийн аз жаргалтай хүн гэдэг үг байдаг. Бид насаараа хүүхдүүдээ хүмүүжүүлнэ гэж байхгүй. Тиймээс зөв чиглүүлэх хэрэгтэй. Бага балчир, өсвөр насанд нь хийсэн хөрөнгө оруулалтаа, өөрсдөө нас дээр гарчхаад хүртэнэ гэсэн үг. Зөв чиглүүлж чадаагүй хүүхэд ээж аавыгаа ганцаардуулж, үл хүндэлж, санхүүгийн хараат байдалд оруулдаг. Харин зөв чиглүүлээд өгчихсөн байхад үр хүүхэд ч ээж аав ч тэр аз жаргалтай сайхан амьдрана. Монголд тэтгэврийн насны хүмүүсийн 80 хувь нь тэтгэврийн зээлтэй байдаг. Харин мөнгийг нь зээлсэн гол хүмүүс үр хүүхдүүд нь байдаг. Машин тэрэг, сургалтын төлбөр төлөх гэх мэт шалтгаанаар зээлээд авчихдаг. Уул нь ахмадууд тэтгэврийн мөнгөөрөө өөрсдийн хэрэгцээг хангаад амьдарчих боломжтой. Даан ч авсан хэдхэн төгрөгийг үр хүүхдүүд нь зээлээд авчихдаг.

Хүн өөрөө урт насална гэдгээ тооцоолж, бэлтгэлтэй байх хэрэгтэй. Барууны орнуудад гурван төрлийн хадгаламжийг санал болгодог шүү дээ. Тэтгэвэрийн хадгаламжаа 20 наснаасаа эхэлж бий болгодог. Дараагийнх нь зорилтот хадгаламж. Хамгийн сүүлийнх нь эрсдэлийн хадгаламж. Одоо манай ахмуудадын дунд  хадгаламжтай хүн тун ховорхон. Учир нь ид хөдөлмөрийн насан дээрээ нийгэм, улс орны сайн сайхны төлөө гээд явж байсан хүмүүс. Улсаас ихэнх зүйл нь үнэ төлбөргүй байсан үе. Мөн хувийн гэсэн ойлголт огт байхгүй бүх юм нийтийн гэсэн сэтгэлгээ байснаас хадгаламж хийх сэдэл, сэтгэлгээ бараг байгаагүй. Харин сүүлийн үеийн залуус энэ тал дээр их мундаг болж байна.

 

-Жилдээ ганц удаа цагаан сараа нижгэр хийхгээд тэтгэврийн зээлийн дарамтад ордог нь анзаарагддаг?

-Үүнийг нүүдэлчин сэтгэлгээтэй холбож ч тайлбарлаж болно. Жишээ нь суурин соёл сэтгэлгээтэй хүмүүс маш их юмыг дараа жилдээ хэрэглэнэ гээд хурааж хадгалж байдаг. Харин нүүдэлчин Монголчуудын хувьд хураана, хадгална гэсэн ойлголт ховор байсан. Гаднынхан ярьдаг шүү дээ. "Хөргөгчиндөө хоолгүй мөртлөө, булган дээл өмсөөд, автобусанд суугаад явдаг" гээд. Энэ чинь өөрөө алт, мөнгөн эмээл хазаар, үнэт зүйлсээ биедээ ачиж явдаг нүүдэлчин сэтгэлгээтэй холбоотой. Мөн Монголчууд маш минимал амьдралтай хүмүүс байсан. Бор авдранд нь бүх юм нь багтдаг байсан. Хамаг амьдрал нь өрнөдөг таван ханатай гэрээ гурван тэмээнд л хуваагаад аччихдаг байсан. Харин одоо бид суурин амьдарч байна.

Гэвч нүүдэлчин соёлын сэтгэлгээ хадгалагдсаар байгаа юм. Үүнээс болж их зөрчил үүсдэг. Цагаан сарыг сайн сайхныг бэлэгдсэн бэлэгдлийн баяр гэж тэмдэглэж байсан нь сүүлийн үед хэт хүнд нүсэр болж, ахмадуудад төвөгтэй, ачаалалтай болсон нь нууц биш. Манайд “хөнжлийнхээ хирээр хөлөө жий” гэж сайхан үг бий. Өөр өөрсдийн боломжоороо тэмдэглэдэж, ахмад настнаа хүндэтгэдэг хөнгөн хэлбэрт шилжвэл зүгээр санагддаг. Монгол хүний хүний доор орохгүй гэсэн нэрэлхүү зан бас нөлөөлдөг.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

 

 

x