Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

Жон Болтон Умард Солонгосын хувьд “гамшиг” байсныг Дональд Трамп ярьжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ажлаа өгөөд удаагүй байгаа үндэсний аюулгүй байдлын зөвлөх нь байсан Жон Болтоны талаар таагүй мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн байна.

Тухайлбал Болтон Умард Солонгосын асуудлаар алдаатай бодлого баримталж, Ким Жон Уныг унагахын тулд “Ливийн загвар”-аар ажиллана хэмээн сүрдүүлж, бүх цөмийн зэвсгийг нь хурааж авах хатуу нөхцлийг тулгаж байсан гэнэ.

“Жон Болтон Ливийн загварын талаар ярих үед бид том ухралт хийсэн. Энэ бол гамшиг байлаа” гэж Трамп ярьжээ.

Тэрээр цааш нь ярихдаа “Тэр ийм аргаар Умард Солонгостой тохиролцож чадах байсан уу? Үүний дараа Ким Жон Уны гаргасан хариу үйлдлийг би ойлгож байна. Энэ бол ухаантай хүний ярих зүйл биш” гэж хэлсэн байна.

Трамп мөн Венесуэлийн асуудлаар Болтонтой байр суурь зөрчилдөж байсныг цухуйлгасан ч энэ талаар дэлгэрэнгүй ярилгүй өнгөрсөн байна.

Жон Болтон нь Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурогийн дэглэмийг унагах ажиллагааг голлон удирдаж байсан юм. Мөн Ирантай харилцах Трампын засаг захиргааны бодлогыг тодорхойлж байжээ.

Сэтгүүлчид Трампаас энэ сард болох НҮБ-ын ерөнхий ассемблейн үеэр Ираны ерөнхийлөгч Хассан Руханитай уулзах эсэхийг асуухад “Юу болохыг бүгдээрээ харцгаая” гэж хариулсан байна.

Руханитай уулзахыг нь Болтон эрс хориглож байсан гэдэг.

Ажиглагчид хатуу чиг шугам баримтлагч Жон Болтоныг Цагаан ордноос явуулснаар Умард Солонгос, Иран, Венесуэльтэй харилцах АНУ-ын гадаад бодлогод өөрчлөлт гарах магадлалтайг хэлж байгаа.

 

Эх сурвалж: Reuters