Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

Худалдааны дайн эхэлснээс хойш анх удаа Хятад улс АНУ-ын зарим барааг татвараас чөлөөллөө

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг
https://nationalinterest.org

Дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр гүрний хооронд худалдааны дайн эхэлснээс хойш анх удаа Хятад улс АНУ-ын 16 нэр төрлийн барааг импортын татвараас чөлөөлөх шийдвэр гаргажээ.

Эдгээрээс 12 барааны өмнө нь төлсөн татварыг импортлогчид буцаан авах эрхтэй болсон байна. Харин үлдсэн дөрвөн төрлийн бараа бүтээгдэхүүний нэгэнт төлсөн татварыг буцаахгүй ажээ.

Татварын хөнгөлөлт есдүгээр сарын 17-ноос эхэлж, нэг жилийн хугацаатай үйлчлэх юм.

Эдгээр 16 нэр төрлийн бараанд сам хорхой, загасан тэжээл, хорт хавдрын эм зэрэг багтжээ. Харин хоёр орны худалдааны гол бүтээгдэхүүнүүд болох шар буурцаг, мах зэрэг хамрагдаагүй байна.

Ирэх сарын эхээр Хятад-Америкийн дээд албаныхан Вашингтонд уулзаж, худалдааны гэрээ хэлцлээ үргэлжлүүлэх гэж байгаа. 

Энэхүү уулзалтын өмнө Бээжингийн эрх баригчид уур амьсгалыг зөөлрүүлэх арга хэмжээ авч байна гэж ажиглагчид дүгнэж байна.

АНУ-ын зүгээс Хятадаас авдаг бараг бүх бараа бүтээгдэхүүндээ импортын өндөр татвар оноогоод байгаа. Хариуд нь Хятадын тал АНУ-ын 5,000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд татвар оноохоор болсон. Тэдгээрийн заримд нь татвар үйлчилж эхлээд байгаа бол зарим нь удахгүй хамрагдахаар бэлтгэгдэж байгаа.

АНУ-ын шар буурцагны экспортын хамгийн том хэрэглэгч нь Хятад улс. Гэвч тус улс Америкийн фермерүүдээс шар буурцаг авахаа зогсоож, саяхан Аргентин улсаас энэ он дуустлах хэрэгцээгээ нөхөхөөр болсон нь АНУ-ын хөдөө аж ахуйн салбарт том цохилт болсон байна.

Америкийн орон зайг зөвхөн Аргентин улс эзлээгүй, мөн Бразил улсаас авах хэмжээ нэмэгдээд байгаа юм.

 

Эх сурвалж: CNN