Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

Амьдрал орших боломжтой гарагаас анх удаа ус илрүүллээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Манай нарны аймгийн гадна орших гарагуудаас амьдрал оршин байх хамгийн сайн нөхцөлтэй гэгддэг гарагийн агаар мандалд усны уур агуулагдаж байгааг астрономичид анх удаа баталжээ.

Уг гарагийг K2-18b гэж нэрлэдэг бөгөөд манай дэлхийгээс 111 гэрлийн жилийн зайд оршдог. Одноосоо алслагдсан зайг нь тооцвол уг гараг дээр ус шингэн хэлбэрээр байх боломжтой буюу амьдрал тэтгэх хэмжээний дулаан уур амьсгалтай юм.

Хүн төрөлхтөн хүрэхэд хэт алс зайд оршдог тул одоогоор зөвхөн телескопоор судлах боломжтой. Ойрын 10 жилийн дотор дараа үеийн сансрын телескоп aжиллаж эхлэх бөгөөд түүнийг ашиглан K2-18b гарагийн агаар мандалд амьд биетийн гаралтай хий байгаа эсэхийг шинжилж болохыг UCL (University College London)-ий профессор Жиованна Тинетти ярьж байна.

Хүн төрөлхтөн 1992 оноос хойш нарны аймгийн гадна орших нийт 4,000 гаруй гарагийг нээгээд байгаа.

Харин тэдний дотроос маш цөөн хэсэг нь манай дэлхий шиг амьдралд ээлтэй байрлалд оршдог юм.

K2-18b гараг нь манай дэлхийгээс хоёр дахин том хэмжээтэй, агаарын температур нь Цельсийн тэгээс 40 хэмийн хооронд оршдог ажээ.

Тиймээс уг гарагийн агаар мандалд усны молекул байх магадлал 50 хувьтай болохыг компьютер загварчлалын аргаар тодорхойлсон байна.

NASA-гийн JWST (James Webb Space Telescope) телескопыг 2021 онд тойрог замд оруулахаар төлөвлөж байгаа бол Европын Сансрын Агентлагийн Ariel mission телескоп үүнээс долоон жилийн дараа сансарт хөөрнө.

Эдгээр телескопууд ажилд орсноор эрдэмтэд харь гарагийн агаар мандлын бүтцийг илүү нарийн шинжлэх боломжтой болох юм.

K2-18b гарагийг NASA-гийн Hubble Space Telescope дурангаар 2016-2017 онд нээж байжээ.

 

Эх сурвалж: BBC