Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Үйлчилгээний байгууллагууд бараа бүтээгдэхүүний талаар тайлбарлаж өгдөггүй гэсэн гомдол ахмадуудаас их ирдэг"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсын Шадар сайдын 2018 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр баталсан "Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх хүрээнд ШӨХТГ-ын 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд "Ахмад настан-хэрэглэгч" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахаар тусгагджээ.

Ахмад настнуудад хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгч, эрх нь зөрчигдөж байгаа эсэхэд хяналт, шалгалт явуулж зөрчлийг арилгах зорилгоор "Ахмад настан-хэрэглэгч" аяныг өчигдрөөс эхлүүлжээ.

Тус аян аравдугаар сарын 5-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Энэ талаар ШӨХТГ-ийн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам "Монгол Улсын нийт хүн амын 6.7 хувь буюу 333 мянга орчим нь ахмад настан. Түүнээс 133 мянган нь Улаанбатар хотод оршин сууж байна.

Энэ утгаараа бид аяны хүрээнд НЗДТГ болон Нийслэлийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах салбар зөвлөл, ААН-үүдтэй нягт хамтран ажиллах юм.

Мөн Монголын ахмадын холбоо болон Эрүүл мэндийн яам, Зам тээвэр, хөгжлийн яам болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам зэрэг бусад байгууллагын хэрэглэгчийн эрхийг хамгаалах салбар зөвлөлүүд нэгдсэн журмаар ахмадуудад чиглэсэн сургалт зохион байгуулж, гарын авлага гаргахаар ажиллаж байна.

Аяны хүрээнд бид Ахмад настан хэрэглэгч гэсэн сэдэвчилсэн хэлэлцүүлгийг зохион байгуулах бөгөөд манай байгууллага болон холбогдох яамдын түвшинд тодорхой хяналт шалгалтын ажлуудыг зохион байгуулна.

Үүнд, Ахмад настнуудын амралт, сувиллын хүртээмжтэй холбоотой болон Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, шүдний протезтэй холбоотой хяналт шалгалтууд хийгдэнэ.

Түүнээс гадна эрүүл мэндийн даатгалаар ахмад настанд эмийн үйлчилгээ хүргэж чадаж байгаа болон нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих эрх нь хэрэгжиж байгаад шалгалт хийнэ.

Хэрэглэгчид:

  • Үйлдвэрлэгч болон худалдагчийн буруутай үйл ажиллагаанаас учирсан гэм хорыг нөхөн төлүүлэх
  • Хэрэглээний соёл эзэмших, сурах
  • Үйлдвэрлэгч, гүйцэтгэгчид хэрэглэгчийн шаардлагыг биелүүлээгүй бол шүүхэд нэхэмжлэл гаргах
  • Зохих чанар, тоо хэмжээ аюулгүйн шаардлагыг хангасан бараа бүтээгдэхүүн хэрэглэх
  • Тухайн барааны талаар үнэн зөв мэдээллийг авч, сонголт хийх эрхтэй

Гэсэн хэдий ч Хэрэглэгчийн мэдээллийн төвд 55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэй хэрэглэгчид буюу ахмад настнуудаас аливаа бараа бүтээгдэхүүний талаар үйлчилгээний байгууллагууд тайлбарлаж өгдөггүй гэсэн гомдол их ирдэг.

Ялангуяа тухайн ахмад настан гар утас худалдан авахад түүний талаар тодорхой тайлбар хэлдэггүй. Энэ байдлаас улбаалан тухайн иргэн худалдаж авсан бараагаа буцаах үйлдэл гаргах нь элбэг.

Тийм учраас худалдаа, үйлчилгээний байгууллагууд Ахмад настны тухай хууль болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлж ажиллах нь чухал байна.

Тиймээс бид энэхүү аянаараа дээрх хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор ААН байгууллагуудтай мөн хамтарч ажиллана" гэлээ.

Энэхүү аян хэрэгжсэнээр ахмад настан хэрэглэгчийн эрхийг хамгаалах, тэдэнд тулгамдаж буй тухайн салбарын асуудлыг шийдвэрлэхэд томоохон ажил болох аж.

Ахмад настны тухай хуулийн 12.6-д Худалдаа, тээвэр, холбоо, эрүүл мэнд, нийтийн үйлчилгээний газар ахмад настанд тэргүүн ээлжид үйлчилнэ гэж заасан байдаг.

Мөн тус хуулийн 12.7-д Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж нь автобусны зогсоол, төмөр замын өртөө, нисэх буудал, худалдаа, үйлчилгээний төв, цэцэрлэгт хүрээлэн, сүм, хийд болон нийтийн үйлчилгээний бусад газар ахмад настанд зориулсан тусгайлан тоноглосон суудал, тавцан, гарц, шат, угаагуур, суултуур зэргийг хүрэлцээтэй хэмжээгээр байрлуулах арга хэмжээ авахыг тусгажээ.