Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтоныг огцруулж байгаагаа зарлав

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын дайнч үзэлтэй үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон Цагаан ордноос явах болжээ.

“Өчигдөр орой би Жон Болтонд түүний хэрэг Цагаан ордонд байхгүй болсныг мэдэгдлээ. Жоны хийж, гүйцэтгэсэн ажилд нь би маш их талархаж байна. Үндэсний аюулгүй байдлын шинэ зөвлөхийг би ирэх долоо хоногт зарлана” гэж Трамп твиттер хуудсандаа бичсэн байна.

Энэхүү мэдэгдлийн дараахан Жон Болтон мөн твиттер хуудсандаа Трампын хэлсэнтэй зөрчилдсөн зүйл бичжээ.

Тэрээр “Өчигдөр орой намайг огцрох өргөдлөө өгөхөд ерөнхийлөгч Трамп энэ асуудлаар маргааш ярилцья гэж хойшлуулсан” гэж бичсэн байна.

Удалгүй Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Стефани Гришэм сэтгүүлчидтэй уулзахдаа Трамп, Болтон нар маш олон асуудлаар санал зөрөлддөг болсон тул үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн албан тушаалаас огцорч байгаа тухай тайлбарлажээ.

Хамгийн сүүлд Талибан хөдөлгөөний удирдагчидтай Афганистаны дайныг дуусгах зорилгоор Кэмп Дэвидэд уулзах Трампын төлөвлөгөөг Болтон эсэргүүцэж байсан гэнэ.

Өнгөрсөн зургаадугаар сард Трамп хоёр Солонгосын хил дээр Ким Жон Унтай уулзахад Болтон байгаагүй бөгөөд энэ үеэр Монгол руу явсныг нь ажиглагчид түүнийг ерөнхийлөгчтэй санал зөрөлдсөний илрэл гэж таамаглаж байв.

Одоо 70 настай Болтон 2018 оны дөрөвдүгээр сараас Цагаан ордонд ажиллах болсон бөгөөд Трампын засаг захиргааны гурав дахь үндэсний аюулгүй байдлын зөвлөх болсон юм.

Дональд Трамп “Америк нэгдүгээрт” гэсэн уриатайгаар өмнөх ерөнхийлөгч нарын эхлүүлсэн дайнаас АНУ-ыг гаргаж, дотоод эдийн засагтаа илүү анхаарал тавих бодлого барьж байгаа. Харин Жон Болтон бол олон жилийн турш дайнч түрэмгий гадаад бодлого баримтлах талаар үе үеийн ерөнхийлөгч нарт зөвлөж ирсэн хүн юм.

Тэрээр Жорж Бушийн засаг захиргаанд ажиллаж байхдаа 2003 онд Иракийн дайныг эхлүүлэхийг хүчтэй дэмжиж анх олонд танигдаж байжээ.

Трампын засаг захиргаанд ажиллах болсон цагаасаа тэр АНУ-ын Иран, ОХУ-тай харилцах харилцаанд хатуу байр суурь баримталж, Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурогийн дэглэмийг унагах төлөвлөгөөнд идэвхтэй оролцож байв.

Болтон явснаар Дональд Трамп Ираны ерөнхийлөгч Хассан Руханитай уулзаж, дайсагнасан харилцаанд эргэлт гаргах боломж нээгдэж байна гэж зарим ажиглагчид дүгнэжээ.

Гэхдээ зарим хүмүүс Трампын ойрын хүрээлэл дотор Болтон шиг үзэл бодолтой хүн байх ёстой, ингэвэл тэнцвэртэй шийдвэр гарах сайн талтай гэж үзэж байна. Тухайлбал Бүгд Найрамдах намын сенатор Митт Ромни тэдний нэг бөгөөд Цагаан ордноос Болтон явж байгааг “их гарз” гэж үзэж байгаагаа ярьжээ.

 

Эх сурвалж: Bloomberg