Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Аюурсайхан: Ерөнхийлөгчийг бидний саналыг дэмжинэ гэж итгэж байлаа

Б.Цэнд-Аюуш, Үндэсний шуудан
2019 оны 9 сарын 11
Үндэсний шуудан
Зураг зураг

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн байгалийн баялагтай холбоотой зохицуулалтад найруулгын өөрчлөлт оруулах эсэхээр парламентын гишүүд хоёр өдөр цэц булаалдлаа.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарын 20 гишүүн Үндсэн хуулийн төсөлд найруулгын өөрчлөлтөөр “Стратегийн ордын 51 хувь нь ард түмний мэдэлд, төрийн эзэмшилд байна” гэсэн томьёолол оруулах санал гаргасан.

Харин бусад гишүүн уг саналыг найруулгын өөрчлөлтөөр оруулах боломжгүй гэдгийг хэлж, бүлгийн болон Байнгын хорооны хуралдаанаар дэмжээгүй. Үүний зэрэгцээ энэхүү заалт нь гадаадын хөрөнгө оруулагчдад халтай бөгөөд 2011 онд уул уурхайн тэг зогсолт давтагдах эрсдэлтэй гэсэн шүүмжлэл ч гараад байгаа юм.

Тиймээс УИХ-ын дарга чиглэл өгсний дагуу Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн ажлын хэсгийнхэн хуралдаж, санал боловсруулсныг Төрийн байгуулалтын байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар дэмжив.

Тодруулбал, ажлын хэсгийнхэн “Стратегийн орд, байгалийн баялгийг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх заалтад нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрхзүйн үндсийг хуулиар тогтооно” гэж өөрчилжээ. Энэхүү заалтын талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайханаас тодрууллаа.

-Стратегийн орд, баялгийн 51-ээс дээш хувь нь ард иргэд, төрийн мэдэлд байх гишүүдийн санал ерөнхий утгаараа дэмжигдлээ. Харин энэхүү заалтыг оруулснаар 2011 оны уул уурхайн салбарын тэг зогсолт давтагдах нь гэсэн шүүмжлэл гарч байна. Үүнд тайлбар өгөхгүй юү?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хамгийн гол хэсэг нь байгалийн баялагтай холбоотой өөрчлөлт гэж үзэж байна. Тиймээс нэлээд сайн зохицуулалт хийх ёстой. Бид байгалийн баялаг ихтэй мөртлөө үүнийг улс орны хөгжилд зарцуулж чаддаггүй.

Ард иргэд нь, улс нь ч ядуу байна. Үндэстэн дамнасан корпорациуд байгалийн баялгийг ашиглахдаа хэдхэн хүнийг авлигадаж, хууль бус гэрээ байгуулахын зэрэгцээ өөрсдийн таалалд нийцүүлэн органик хуулиудыг өөрчилдөг. Тиймээс баялгийн зохицуулалтыг органик хуулиар шийдвэрлэхгүйгээр Үндсэн хуульдаа тодорхой зааж өгье гэдэг үүднээс энэ саналыг аль эрт гаргасан.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгасан байгалийн баялагтай холбоотой чухал заалтын нэг нь “байгалийн баялаг бол төрийн, нийтийн өмч мөн” юм. Харин үүнд стратегийн ордуудыг заавал тусгах санаачилгыг УИХ-ын нэр бүхий 20 гишүүн гаргасан.

Өөрөөр хэлбэл, стратегийн ач холбогдолтой ордуудын дийлэнх хувийг төр, ард түмний мэдэлд байх ёстой. Тиймээс стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа түүний үр өгөөжийн дийлэнх хувь нь ард иргэдэд ногдож байх зохицуулалтыг дэмжсэн. Өөрөөр хэлбэл, стратегийн ач холбогдолтой баялгаа хэрхэн ашиглах, үүнийг хуулиар хэрхэн зохицуулах вэ гэдгээ Үндсэн хуульд оруулж өгөх ёстой.

-Төрийн, нийтийн гэхээр яг хэнийх нь өмч вэ гэсэн эргэлзээ үүсэж байна л даа?

-Тийм эргэлзээ байх шиг байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд төрийн өмч, нийтийн өмч гэж тусдаа заасан байдаг. Нийтийн зориулалттай өмчийг хуулиар нийтийн зориулалтаар ашиглахаар тогтоосон эд хөрөнгийг хэлэх зохицуулалттай. Тэгэхээр энэ нь нэлээд ахиц дэвшилтэй заалт болсон гэж болно.

-Гишүүдийн гаргасан саналыг найруулгын өөрчлөлтөөр оруулах боломжгүй гэж байсан ч утгыг нь өөрчлөн хуралдаанаар дэмжлээ. Энэ нь ямар учиртай юм бэ?

-Найруулгын өөрчлөлтөөр оруулахгүй гэж хэсэг маргалаа Энэ саналыг яагаад найруулгын өөрчлөлтөөр авч үзэх ёстой вэ гэвэл өмнөх заалтад нь байгалийн баялаг бол төрийн нийтийн өмч гээд заачихсан Тиймээс стратегийн орд нь төрийн, нийтийн өмч шүү гэдгийг илүү ойлгомжтой найруулж, эргэлзээтэй байдлыг арилгах үүднээс энэ саналыг дэвшүүлсэн.

Мөн 50+1 хувь гэж төсөлд тусгах санал гаргасан ч эцсийн найруулгад тоо тусгаж болохгүй учраас дийлэнх гэдгээр бичихээр болж. хуралдаанаар дэмжлээ.

-Гол нь гаднын хөрөнгө оруулагчдад их халтай зохицуулалт боллоо гэсэн шүүмжлэл гарч байна л даа?

-Гаднын хөрөнгө оруулагчдад халтай гэдэг байдлаар асуудлыг хөндөж байгаа гишүүд нэлээд байсан. Гэхдээ яг юунаас болж гаднын хөрөнгө оруулагчид зугтаах юм бэ гэхээр эдийн засгийн хор хохирлыг жишээ гаргаж дэвшүүлж чадахгүй байгаа юм.

Ерөөсөө хор хохиролтой л гэж хэлж байна. Энэ нь зүгээр л үгүйсгэхийн тулд үгүй гэж хэлж байгаа хүмүүсийн эсэргүүцэл. Харин бид ямар гарц гаргалгаа байгаа, яаж харилцан үр ашигтай болох вэ гэдгийг жишээтэй нь хамт үндэслэлээ дэвшүүлсэн. Үүнийг няцааж чадахгүй байгаа юм.

-Гаднын компаниудын хөрөнгө оруулалттай холбоотой зохицуулалт өөрчлөгдөх үү?

-Хөрөнгө оруулалтын хувьд одоо хэрэгжиж байгаа хууль тогтоомжоороо л явна. Харин Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдвал Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах байх.

-Та Байнгын хорооны хуралдааны үеэр “Ерөнхийлөгчийг бидний саналыг дэмжих байх гэж итгэж байсан” гэж хэлсэн. Ерөнхийлөгч энэ саналыг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн юм уу?

-Ерөнхийлөгчийг бидний саналыг дэмжинэ гэж итгэж байлаа. Гэтэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд өргөн мэдүүлсэн саналуудаа буцааж татахаа мэдэгдсэн. Ингэхдээ гишүүдийн тоо, парламентын хугацааг нэм, шүүхтэй холбоотой зохицуулалтыг буцаа гэж шахалт үзүүлсэн.

Ингэж шахалт үзүүлсэн шигээ байгалийн баялгийн зохицуулалтад шахалт үзүүлсэнгүй. Зөвхөн стратегийн ач холбогдол бүхий ордыг ашигласан үр өгөөжийн ихэнхийг ард түмний мэдэлд байлгахаар шахалт үзүүлсэн бол энэ асуудал илүү хурдан шийдэгдэх байсан болов уу.

Зураг