Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

ШИНЭ НОМ: Лосолын Лааган-БНМАУ-ын төрийн тэргүүний хувь заяа

Т.Саран, iKon.mn
2019 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Улс төрийн хилс  хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг угтан Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн дарга Лосолын Лааган агсны амьдралыг хүүрнэсэн түүхэн баримтат “Лосолын Лааган-БНМАУ-ын төрийн тэргүүний хувь заяа” нэртэй номын нээлт боллоо.

Номын зохиогч, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор О.Батсайхан архивын түүхэн баримтуудад тулгуурлан эл номыг туурвижээ. Номын нээлтийн арга хэмжээг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Лосолын Лааган агсны хүү Ховд аймгийн хурц арслан Л.Найдан агсны үр хүүхдүүд, “Лосолын Лааган сан” хамтран зохион байгуулсан юм.

Эл номыг цөөхөн хувь хэвлүүлсэн бөгөөд нийслэл, 21 аймгийн ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулиуд, төрийн байгууллагуудад түгээх юм байна.

Номын нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын Захиргаа, дүн шинжилгээний албаны дарга Д.Ууганбаатар, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга, нийслэлийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын нарийн бичгийн дарга Б.Батбямба, Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн Д.Цогтбаатар болон  түүхийн шинжлэх ухааны эрдэмтэн докторууд, Л.Лааган агсны үр хүүхэд, төрөл төрөгсөд оролцов.

Л.Лааган агсан нь 1887 онд хуучнаар Засагт хан аймгийн Эрдэнэ дүүрэгч Вангийн хошуу, одоогийн Ховд аймгийн Буянт сумын нутагт төрсөн бөгөөд бага насандаа Наран хутагтын хүрээнд шавилан сууж бурхны ном үзэж байжээ. Богд хаант Монгол Улсын үед нутагтаа Харганы өртөөний ахлагч хэмээх ажлыг хийж байсан аж. Улмаар Чандмань уулын аймгийн Намын хянан байцаахын дарга, МАХН-ын Хянан байцаах төв комиссын даргын албыг хашиж байгаад 1930-1932 онд БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байжээ.

Түүнийг мөн Монгол банкны 9 дэх даргаар ажиллаж байсан тухай архивын баримтуудад дурдсан байдаг талаар тус номд өгүүлсэн байна.

Тэрбээр 1928-1940  оны хооронд улс төрийн хилс хэрэгт гурван удаа холбогджээ. Түүнийг Японы төлөөлөгчтэй холбоотой байсан, Ванчинбогдтой харилцаа байгуулах ажил зохиолцсон, хасгуудаар дээрэм хийлгэх ажлыг зохион байгуулсан гэх зохиомол хэрэг тулган, буудан хороох ял тулгасан байдаг ажээ. Хожим 1962 оны хоёрдугаар сард түүнд тулгасан хэргийг цагаатгажээ.

 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ