Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

Өсвөрийн 5,600 тамирчин 34 төрлөөр өрсөлдөх Хүүхдийн спортын VI наадам эхэллээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 9 сарын 10
iKon.MN
 

Монголын хүүхдийн спортын VI наадам өнөөдөр Буянт-Ухаа спорт ордонд эхэллээ.

Хүүхдийн спортын VI наадамд аймаг, дүүргээсээ шалгарсан өсвөрийн 5,600 тамирчин спортын 34 төрлөөр өрсөлдөх юм. Спортын наадмыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж, баг, тамирчдад амжилт хүслээ. 

Тэрбээр “Хүүхдийн спортын хөгжлийг дэмжих, өсвөрийн тамирчдын ур чадвар, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, дасгалжуулагчдын ажлын үнэлэмжийг сайжруулах зорилгоор дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг байсан Монголын хүүхдийн спортын наадмыг хоёр жил тутамд зохион байгуулдаг байхаар Монгол Улсын Засгийн газраас 2018 онд шийдвэр гаргасан билээ.

Энэ шийдвэр нь өсвөр үеийнхний дунд биеийн тамир, спортын арга хэмжээний тоо, чанарыг нэмэгдүүлэх, тэмцээн, наадамд өргөнөөр хамруулах, ур чадвартай тамирчдыг эрт нээн илрүүлэх, үндэсний шигшээ багийн залгамж халааг бэлтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд чухал дэмжлэг болно гэж үзэж байна. 

Монгол орны дөрвөн зүг, найман зовхисоос хүрэлцэн ирсэн, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулах ирээдүйн олимп, дэлхийн аварга болох өсвөрийн тамирчдын шилдгийн шилдгүүд хуран цугларсан Монголын хүүхдийн спортын VI наадам эхэлж байгаад Засгийн газрын тэргүүний хувьд баяртай байна.

Цаашид Засгийн газар биеийн тамир, спортоор дамжуулан хүүхэд залуучуудыг ирээдүйдээ итгэл үнэмшилтэй, бие даан амьдрах чадвартай, ёс зүйтэй, хариуцлагатай, эх оронч үзэл бодолтой, эрүүл чийрэг иргэн болгон төлөвшүүлэхэд онцгой анхаарлаа хандуулан ажиллах болно” хэмээгээд баг тамирчдад амжилт хүслээ. 

 

Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7