Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Гаалийн ажилтнууд хахуульд авсан мөнгөө нууж буй бичлэгийг дэлгэлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг

АТГ-аас өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэрээ нэгэн бичлэгийг олон нийтэд харуулсан юм. Уг бичлэгт Замын-Үүд дэх гаалийн газрын ажилтнуудын нуусан мөнгийг АТГ-ын ажилтнууд баримтжуулан авч байгааг харуулсан байна.  

2015-2016 онд Замын-Үүд дэх Гаалийн газрын 34 ажилтан холбогдсон хээл хахуулийн хэргийг АТГ-аас илрүүлэн юм. Уг хэрэг 2018 оны нэгдүгээр сард шүүхээр шийдэгдэн, 34 гаалийн ажилтанд 2-6 жилийн ял оноосон билээ.  

Хэргийг илрүүлэн нэгжлэн хийх явдад гаалийн байцаагч нар бусдаас хахуульд авсан бэлэн мөнгөө нуун далдлах зорилгоор агааржуулалтын хоолой, тавилга зэргийн араар нуусан байсныг харуулсан байна.

Энэ талаар АТГ-ын зүгээс "Мөнгөн хэмжээ бага мэт харагдаж болох юм. Гэхдээ энэ бол зөвхөн тухайн агшинд шалгахад биед нь байсан мөнгө. Эдгээр мөнгийг багцалбал зуун зуун мянгаар тоологдохоор байгаа. 

Ганцхан жишээ хэлэхэд, эдгээр гаалийн байцаагч нар 90 тонн ачааг улсын хилээр хяналт, шалгалтгүйгээр гаргасныхаа хариуд 4.5 сая төгрөгийн хахууль авсан нь тогтоогдсон. Энэ бол ганцхан үйлдэл нь. 90 тонн ачааг хяналтгүйгээр нэвтрүүлэхэд улсад 28.2 сая төгрөгийн татвар төлөгдөөгүй.

Сүүлийн гурван жилийн хугацаанд гаалийн ажилтнуудтай холбоотой 52 гомдол ирсэн. АТГ-аас төрийн байгууллагуудад хяналт тавьж, зөвлөмж өгсөөр байтал гаалийн ажилтнуудтай холбоотой авлигын гэмт хэрэг буурахгүй байгаа учраас бид энэ бичлэгийг ил болгож байгаа юм" гэсэн тайлбарыг өглөө.