Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

Трампад итгээгүй АНУ-ын тагнуулынхан ОХУ дахь мэдээлэгчээ татаж авсан тухай мэдээлжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг

2017 онд Дональд Трампыг АНУ-ын ерөнхийлөгч болсны дараахан тус улсын тагнуулын байгууллага Оросын засгийн газарт ажиллаж байсан дээд түвшний мэдээлэгчээ татаж авсан тухай CNN суваг эх сурвалжуудаас уламжлан мэдээлжээ.

Шинэ ерөнхийлөгч Дональд Трампыг тагнуулын нууц мэдээлэл алдах эрсдэлтэй хүн гэж үзсэний үндсэн дээр ийм шийдвэр гаргаж байсныг уг асуудалтай ойр ажилладаг нэрээ нууцалсан хүмүүс мэдээлсэн байна.

Трамп ерөнхийлөгч болсныхоо дараахан Холбооны Мөрдөх Товчооны захирал Жэймс Комиг ажлаас нь халж, Сири дэх Исламын улс бүлэглэлтэй холбоотой нууц мэдээллийг ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровтой Цагаан ордонд уулзахдаа задалсан зэрэг нь АНУ-ын тагнуулынхныг яаралтай урьдчилсан сэргийлэх арга хэмжээ авахад хүргэсэн гэнэ.

Мөн 2017 оны долдугаар сард Трамп ОХУ-ын ерөнхийлөгчтэй ганцаарчлан уулзсан нь тагнуулын албаныхныг нэлээд айлгасан тухай эх сурвалжууд мэдээлжээ.

Ингээд Москва дахь мэдээлэгчээ татахын өмнөхөн Дональд Трамп болон цөөн тооны дээд албан тушаалтнуудад дуулгаж байсан гэнэ.

Өрнөдийн тагнуулын албадтай хамтран ажиллаж байсан хүмүүсийг гадаад оронд амьдарч байхад нь авлах арга хэмжээг ОХУ-ын нууц албад гүйцэтгэдгээрээ алдартай.

Тухайлбал 2006 онд Лондонд полониумаар хордуулсан Александр Литвиненко, 2018 онд новичокоор хордуулсан Сергей Скрипаль нарыг энд дурдаж болно.

Тиймээс 2017 онд буцааж татсан мэдээлэгчийн хэн болох, одоо хаана байгааг дээд зэргээр нууцалж байгаа ажээ.

Хамгийн сүүлд Вашингтоны талд ажиллаж байсан Александр Потеевыг 2010 онд буцааж татсан бөгөөд одоо АНУ-ын хаа нэгтээ нууцаар амьдарч байгаа гэдэг.

Тагнуулын Төв Газарт ажиллаж байсан Жон Сайфер энэ мэдээ тарсны дараа “Чухал мэдээлэлд ойр эх сурвалжийг олж, өөртөө элсүүлэх маш хэцүү ажил. Дээд албан тушаалын мэдээлэгчтэй болох нь мянгад ганц тохиох ховор боломж. Түүнийгээ аюулгүй байлгах нь тун хүнд ажил. Хэрвээ алдвал маш том асуудал” гэж твиттер хуудсандаа бичжээ.

Өчигдөр Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Стефани Гришэм CNN-ийг “худлаа төдийгүй бусдын амь насыг эрсдэлд оруулах аюултай” мэдээлэл цацсан хэмээн буруутгасан байна.

Мөн энэхүү мэдээллийг цацагдсаны дараа Дональд Трамп твиттер хуудсандаа CNN сувгийг АНУ-д аюул учруулагч байгууллага хэмээн шүүмжилжээ.

 

Эх сурвалж: The Guardian