Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

VW групп масс зах зээлд зориулсан анхны бүрэн цахилгаан автомашинаа танилцууллаа

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Германы Volkswagen групп Франкфурт хотод нээгдсэн авто шоуны үеэр анхны бүрэн цахилгаан автомашинаа танилцуулжээ.

ID.3 нэртэй энэхүү автомашин нь туулах зайнаасаа хамааран гурван хувилбартай зах зээлд гарч байна.

Хамгийн энгийн ID.3 нь 45kWh батарейтай бөгөөд бүрэн цэнэгээр 330 км туулах чадвартай. Энэ хувилбараа Volkswagen “30,000 еврогоос доош үнэтэй” гэж онцолжээ.

Харин 58kWh ба 77kWh батарейтай, 420 болон 550 км туулах чадвартай дээд талын хоёр хувилбарын үнэ хэд байх талаар мэдээлэл өгөөгүй байна. 

Алдарт Golf загварыг санагдуулам хэлбэртэй ID.3 нь Volkswagen группын цахилгаан хөдөлгүүрт автомашины шинэ платформ дээр бий болсон анхны загвар юм.

Бас өмнө нь концепт түвшинд байсан ID брэндийн загваруудаас анх удаа зах зээлд бүтээгдэхүүн болж гарсан нь энэ болж байна.

Хэдийгээр гадна талаасаа Golf загвартай адил харагдаж байгаа ч дотоод шаталтын хөдөлгүүргүй болж, батарейг шалны хэсэгт байрлуулсан учраас ID.3 нь дотор талдаа хамаагүй илүү зайтай болсныг онцолжээ.

Хянах самбартаа 10 инчийн точ дэлгэц байрлуулсан ID.3 загварын зөвхөн цонх нээх хаах болон ослын гэрэл нь л механик товчлууртай, бусад бүх удирдлага нь хурууны даралт мэдрэгчээр ажилладаг гэнэ.

ID.3 бүрэн цахилгаан автомашиныг 2020 онд Европын зах зээлд түрүүлж гаргахаар болжээ.

 

Эх сурвалж: The Verge