Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

ЕВГЕНИЙ ТРИФОНОВ: Халх гол-Хэний ялалт байв?

Д.Цэрэндолгор, Өдрийн сонин
2019 оны 9 сарын 10
Өдрийн сонин
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Халх голын дайн гэж бидний нэрлэж заншсан үйл явдлын тухай онц сонирхолтой шинэ баримтуудыг дэлгэсэн түүхч бол Оросын түүх судлаач, сэтгүүлч Евгений Трифонов.

Тэр “Монголын Халх голд, Манж Го улсын хилээс холгүй, 1939 оны тавдугаар сарын 11-нээс есдүгээр сарын 15-ны хооронд үргэлжилсэн, СССР, Японы хоорондох зарлаагүй дайныг түүхчид чамгүй сайн судалсан.

Хэдий тийм ч Халх голын хэрэг явдлын цаад учир начир өнөөг хүртэл бүрэн тодроогүй хэвээр байна. Уг дайны тухай Зөвлөлтийн (Монголынх ч ялгаагүй) сонгодог тайлбар Энгийн.

Түрэмгий гадаад бодлого явуулдаг Японы эрх барих хүрээнийхэн 1939 оны тавдугаар сард БНМАУ-ын хил дээр, Халх голоос зүүнтэйгүүр өдөөн хатгаж эхэлсэн. Тавдугаар сарын 28-нд Японы цэрэг (1,500 хүртэлх цэрэг, офицер) БНМАУ-ын хилийг зөрчиж, их буу, хуягт машин, нисэх хүчнээр дамжуулан Халх гол руу давшив хэмээдэг” гэж бичжээ. Евгений Трифоновын дэлгэсэн баримтууд түүхийн сонгодог ойлголтыг эвдсэн юм.

Тэр сургуульд байхаасаа л түүхийг ихэд сонирхож уншдаг байж. Түүх сонирхогч хүү хожим Москвагийн түүх-архивын дээд сургуульд элссэн аж. Зөвлөлтийн армийн Улсын төв архивт буюу Одоогийн Оросын цэргийн улсын архивт нэг хэсэг ажиллаж байхдаа түүхийн олонд ил болоогүй олон баримтуудтай танилцсан юм байна.

Наталья Нестеровагийн академид улс төр судлаач, түүхийн багшаар ажиллаж байсан тэрбээр хараат бус шинжээчийн хувиар “Посев" сэтгүүлд 1990-1996 он хүртэл нийтлэлээ хэвлүүлж байжээ. Мөн “Новое время”, “The New Times”, “Деловые люди, газета ру" сонины цахим хэвлэлүүдэд ч ажиллаж байж.

Мөн среда.орг, историк.ру, noteru.com болон цахим хуудаснаа материалаа нийтлүүлж явж. Тэрбээр голдуу улс төр, шашин, цэргийн асуудлууд үндэстэн хоорондын болон шашин хоорондын мөргөлдөөн, түүхэн асуудал, Монголын түүх, ОХУ-ын бүс нутгийн асуудал, Ойрх Дорнод, Дундад зүүн болон Латин Америкийн асуудлаарх задлан шинжилсэн нийтлэл өгүүлэл бичдэг.

Халх голд өрнөсөн, өнөө ч маргаантай, бүрхэг асуудал олонтой түүхэн үйл явдлыг өөр өнцгөөс харж, шинэ баримтууд дэлгэж шуугиулсан түүхч Евгений Трифонов Монголд ирээд байна. Түүнтэй уулзаж ярилцлаа.

-Монголын харьяа нутаг дэвсгэрт тодруулбал, Халх голд 1939 онд өрнөсөн Зөвлөлт-Японы хоорондох зөрчилдөөнийг зарим судлаачид орон нутгийн мөргөлдөөний шинжтэй гэж үзэж ирсэн. Нөгөө зарим нь“Халх голын тулалдаан”, “Халх голын дайн” гэж нэрлэцгээдэг. Энэ мөргөлдөөний гол оролцогч байсан япончууд “Номонханы хэрэг” гэдэг. Түүхэн ялалт байгуулахад голлох үүрэг гүйцэтгэсэн гэгдэх гарамгай жанжин, генерал Жуков дурдатгалдаа “Зарлаагүй дайн” хэмээн нэрийдсэн нь бий. Та түүх судлаачийн хувьд энэхүү үйл явдлыг юу гэж харж байна вэ?

-Энэ бол эргэлзээгүй дайн байсан. Үргэлжилсэн хугацааг нь аваад үзсэн ч тэр. Нэлээд хэдэн cap гэдэг бол багагүй хугацаа. Мөн амь үрэгдэгсдийн тоо, хохирлын хэмжээ гээд яривал олон зүйл бий. Хохирлын хэмжээний тухайд судлаачид санал зөрөлддөг. Гэхдээ Зөвлөлтийн үеийн түүхэн баримт бичгүүдэд япончууд 70 мянга гаруй хүнээ алдсан гэдэг. Энэ бол албан ёсны баримт.

Тэгвэл албан бус эх сурвалжаар 9,000 японы амийг авч одсон гэж байгаа.

Оросын тал ч мөн тооны хүнээ алдсан гэхээр амссан хохирлын хэмжээний хувьд бүрэн утгаараа дайн юм гэдгийг баталдаг. Түүнээс орон нутгийн мөргөлдөөн гэх аргагүй.

-Дайн гарах болсон гол шалтгаан юу байв?

-Энэ бол маш хүнд асуудал. Товчхон хариулах боломжгүй. Японы түрэмгий бодлого хэрэгжиж байсан үе. Тухайн үед Хятадтай сунжирсан тулалдаан хийж байсан юм. Онолын хувьд япончууд Монголыг эзлэхийг хүсэж байсан гэж хэлж болно. Тэд тоглоомын Мэнзян улстай адил бүрэн эрхт мэдлээ тогтоох төлөвлөгөөтэй явсан нь гарцаагүй.

Цэргийн болон улс төрийн зорилго байсан гэж тодотгох учиртай. Гэвч тэр үед буюу 1939 онд тэдэнд ингэх хүч байгаагүй. Тиймээс миний бодлоор энэ дайнд Монгол, Зөвлөлт, Япон гэсэн гурван улсын эрх ашиг хөндөгдсөн.

-Өнгөрсөн зун “Свобода” цахим хуудсанд Халх голын ялалтын 80 жилийн ойтой холбогдуулан Оросын түүх судлаачид хэд хэдэн нийтлэл хэвлүүлсэн байдаг. Оросын алдартай түүх судлаачид болох В.Воронов, А.Крушельницкий, мөн таны хэд хэдэн нийтлэл тавигдсан харагдсан. Энэ нь Халх голын дайны талаарх хуучны бидний уламжлалт ойлголтоос өөр өнцгөөс тайлбарласан нь сонирхол татсан...?

-Би В.Воронов, А.Крушельницкий нарын бүтээлд маш хүндэтгэлтэй ханддаг. Учир нь тэд өндөр зэрэглэлийн профессионалууд л даа. Миний олж авч чадаагүй тийм л баримтуудыг тэд дэлгэсэн.

Архивын материалууд тул итгэл төрүүлсэн. Өөрөөр хэлбэл, Зөвлөлт холбоот улс Хятадтай коридор байгуулах гэж оролдсон баримт юм. Монголын нутгаар дамжуулан Японтой тулалдаж байсан Хятадтай коридор байгуулах тухай. Үнэмшил ихтэй, бодит жишээ, баримт дээр тулгуурласан байсан шүү. Тухайлбал, автобатальон байгуулах баримт байна. Ингэснээр техникүүдийг Хятад руу нийлүүлэх гэж байж.

Тэр байтугай төмөр зам байгуулах тухай баримт бий. Энэ баримтыг бол би огт мэдээгүй байсан. Төмөр замын зарим хэсгийг хэдийнээ барьчихсан байсан. Халхавч гэдэгт эргэлзэх зүйлгүй. Тус зам нь Япон улсын хилийн дагуу явсан байх жишээтэй. Зорилго нь мэдээж цэргүүдийг зэр зэвсгээр хангах ч юм уу Японтой дайтах, эсхүл нэгэн цагт цохилт өгөх.

Энэ өнцгөөс бол би тэдэнтэй санал нэг байгаа. Гэхдээ зарим нэг тал дээр санал нийлэхгүй байгаа. Эргэлзэх зүйл бий.

-Жишээ нь юун дээр эргэлзэж байна?

-Халх голын дайны үед барьж байсан коридорын тухайд. Энэ зам нь Монголын зүүн нутгийн хилийн дагуу баригдсан байдаг.

Өөрөөр хэлбэл, Хятадын нутаг руу шүүд нэвтрэх байсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Японы гарт байсан нутаг. Бүр тодруулж хэлбэл, батальонуудыг Монголын нутгаар дамжин Өмнөд Монголд хүрч, тэндээс Хятадын Хаалганд хүрэх эртний зам дагуу байршуулсан нь ч үүнийг давхар батална. Гэхдээ энэ замаар Хятадын армийг зэр зэвсэг, техникээр хангана гэдэг нь техникийн хувьд хэцүү л дээ.

Учир нь Хятадын армийг тухайн үед бүр баруун нутаг руу шахсан байсан. Хүчирхэг тээврийн коридор байгуулах тухай санаа буюу төмөр зам, засмал замын сүлжээ байсан байх магадлалтай. Гэхдээ үүний тухайд тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн гэж дүгнэж болохгүй.

ЗХУ Хятадад Японтой дайтахад нь тусламж үзүүлэх гэсэн энэ байдал тийм үр дүнтэй байгаагүй. Энэ нь 1939 онд л тодорхой болсон. Хятад руу зэр зэвсэг, техник нийлүүлэх явдал нь муу үр дүнтэй байсан байх.

-Яагаад?

-Учир нь Хятадын армийн сургалтын асуудал энд хөндөгддөг. Тэдний хувьд зэр зэвсгийн нийлүүлэлт хангалтгүй байсан. Түүнээс гадна зэр зэвсгээ эзэмшсэн байдал нь сул, өөрөөр хэлбэл, ийм төрлийн сургалт маш хангалтгүй байсан бололтой.

-1938 онд Хасан нуурын ойролцоо болсон мөргөлдөөний үеэр Зөвлөлтийн арми онгоцон дээрээ Хятадын тэмдэг сийлчихсэн байсан гэж уншсан...?

-1938 онд Хасан нуурын ойролцоо мөргөлдөөн болохтой зэрэгцэн Зөвлөлтийн арми Японы цэрэг рүү цохилт өгч байсан юм. Тэд өөрсдийн онгоц дээр Хятадын тэмдгийг сийлсэн байж.

Гэхдээ мэдээж тэр нь Зөвлөлтийн онгоц байсан л даа. Формоза руу оросууд цохилт өгч байсан түүх бас бий. Формоза гэдэг нь одоогоор бол Тайвань. Тайвань руу хийсэн энэ цохилт нь цаанаа шалтгаантай. Оросууд “Бид японтой та нарт тусалж байна” гэсэн мессежийг Хятадад өгч байсан юм. 1937, 1938 онуудад цэргийн удирдлагуудыг олноор нь хядаж байсан.

Зөвлөлтийн 42 мянган цэрэг офицерыг буудан хороосон байдаг. Миний олж авсан мэдээллээр Монгол бол цэргийн удирдлагуудын энэ хядлагад хамгийн их өртсөн улс.

Үргэлжлэл бий...

Зураг