Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

Талибантай энхийн гэрээ байгуулах ажил дуусгавар болсныг Дональд Трамп мэдэгджээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Бямба гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Афганистан дахь Талибан хөдөлгөөнийхөнтэй хийж буй яриа хэлэлцээрээ зогсоож байгааг зарласан билээ.

Пүрэв гарагт Афганистаны нийслэл Кабулд гарсан ээлжит дэлбэрэлтэд АНУ-ын цэргийн алба хаагч амиа алдсаны дараа тэр ийм шийдвэр гаргасан юм. Уг халдлагыг Талибанчууд зохион байгуулснаа хүлээн зөвшөөрөөд байв.

Трамп өчигдөр Цагаан ордноос Умард Каролина руу нисэхийн өмнө сэтгүүлчидтэй уулзахдаа Талибан хөдөлгөөний удирдагчидтай хийж байсан яриа хэлэлцээ бүрмөсөн дуусгавар болсныг хэлсэн байна.

Олон сар үргэлжилсэн хэлэлцээрийн үр дүнд Афганистаныг олон улсын терроризмын бааз болгохгүй гэсэн Талибанчуудын амлалтын хариуд АНУ цэргийнхээ нэлээд хэсгийг энэ улсаас гаргах төлөвлөгөөтэй байсан юм.

АНУ-ын цэрэг Афганистанд 18 жилийн турш байрлаж, Кабулын засгийн газарт тусалж байгаа. Харин Талибаны зэвсэгт хөдөлгөөнийхөн энэ хугацаанд Афганистаны газар нутгийн томоохон хэсэгт хяналтаа тогтоогоод байгаа.

Өчигдөр бас АНУ-ын армийн төв тойргийн командлагч, генерал Кеннэт Маккензи сүүлийн үед Афганистанд идэвхжээд байгаа Талибан хөдөлгөөний халдлага дайралтын эсрэг авах арга хэмжээгээ нэмэгдүүлэх тухай мэдэгдсэн байна.

Тэрээр Афганистаны хойд хэсгийн Баграм агаарын баазад саатахдаа “Бид тэдний аллагыг хараад зүгээр суухгүй нь тодорхой. Тийм зүйл болохгүй” гэж мэдэгджээ.

Трамп хэлэлцээрийг зогсоох болсныг зарласны маргааш Талибан хөдөлгөөний зүгээс үүний хариуд илүү олон Америкчуудыг алж хядахаа илэрхийлсэн мэдэгдэл гаргасан юм.

Одоогоор Афганистанд АНУ-ын 14,000 цэрэг байрлаж байгаа бөгөөд Талибантай энхийн гэрээ байгуулж чадвал Вашингтон эхний ээлжинд 5,000 цэргээ гаргах төлөвлөгөөтэй байв.

Ийнхүү 18 жил үргэлжилсэн дайныг дуусгах мөрөөдөл талаар болж, Афганистанд аллага, хүчирхийлэл эрчимжих төлөвтэй боллоо.

 

Эх сурвалж: Reuters