Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Уныг хэлэлцээрийн ширээний ард суухгүй бол Дональд Трамп “уурлана” гэлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өчигдөр ABC сувагт ярилцлага өгөхдөө Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах яриа хэлэлцээрийг ойрын өдрүүдэд сэргээхээр төлөвлөж байгааг мэдэгджээ.

“Хэрвээ удирдагч Ким Жон Ун яриа хэлэлцээрийн ширээний ард дахин суулгүй, өмнөх гурван удаагийн уулзалтаар тохирсноосоо буцаж хориглосон зэвсэг туршвал ерөнхийлөгч Трамп маш их бухимдах болно” гэж тэр анхааруулсан байна.

Дональд Трамп, Ким Жон Ун нар зургаадугаар сарын 30-нд хоёр Солонгосын хил дээр уулзахдаа долдугаар сарын дундуур хэлэлцээрээ үргэлжлүүлэхээр тохиролцсон юм.

Гэвч долдугаар сард Өмнөд Солонгос, АНУ-ын арми хамтарсан байлдааны сургуулилалт эхлүүлснийг Пёньян хүчтэй эсэргүүцэж, хариуд нь хэд хэдэн удаа пуужингийн туршилт хийснээс харилцаанд бэрхшээл үүссэн байна.

Умард Солонгосыг эзлэх даалгавар дээр суурилсан хамтарсан байлдааны сургуулилалт зохион байгуулсныг талуудын дайсагнал арилаагүй, энхийн яриа хэлэлцээр өрнүүлэхэд эрт байгаагийн шинж хэмээн Пёньян дүгнэж байв.

Гэхдээ сүүлийн үед харвасан пуужингууд нь цөмийн болон алсын тусгалын зэвсэг байгаагүй тул “Удирдагч Ким Жон Ун ерөнхийлөгч Трампад өгсөн амлалтаа хараахан зөрчөөгүй байна” гэж Помпео ярьжээ.

Вашингтоны засаг захиргааны эцсийн зорилго бол Умард Солонгосыг цөмийн зэвсгээс нь баталгаатай, бүрэн ангижруулах явдал болохыг ноён Помпео батлан илэрхийлсэн байна.

 

Эх сурвалж: Yonhap News