Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

Томьёоллын дэд ажлын хэсэг өргөн бүрэлдэхүүнтэй хуралдав

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Улсын Их Хурлын чуулганы 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж, төслийг хэлэлцүүлэг болон ард нийтийн санал асуулгад бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.  

Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх чиг үүрэгтэйгээр УИХ-ын 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Томьёоллын ажлын дэд хэсэг өнөөдөр өргөн бүрэлдэхүүнтэй (2019.09.08) хуралдав. 

 

Хуралдаанд УИХ-ын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын дэд хэсгийн ахлагч, Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжав,  Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Р.Хатанбаатар, УИХ-ын гишүүн, Улсын Бага Хурлын гишүүн асан Ц.Товуусүрэн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор, профессор О.Мөнхсайхан, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, профессор доктор А.Бямбажаргал болон Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэл нар оролцов.

 

Томьёоллын дэд ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал хуралдааны эхэнд хэлсэн үгэндээ, УИХ-ын гишүүд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өдөр, шөнөгүй олон талаас нь хэлэлцсэн бөгөөд, тэдний олонхын санал авсан зүйл, заалтуудын агуулгыг өөрчлөхгүйгээр зайлшгүй засах шаардлагатай утга найруулга, үг үсгийн алдаатай өгүүлбэрийг нягтлан хэлэлцэж, хуулийн томьёолол болгохоор ажиллана гэдгийг онцолсон. 

 

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн хүрээнд Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах, Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах, Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтөөр дэмжигдсэн 30 гаруй саналын томьёоллын нэг бүрчлэн нарийвчлан ярилцаад, гаргасан саналаа тайлбарын хамт Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил арга зүйн туслалцаагаар хангах ажлын дэд хэсэгт хүргүүлж, танилцуулахаар тогтлоо.

Дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Б.Батчимэг, зөвлөх С.Доржханд, ахлах зөвлөх Д.Энхгэрэл, нарийн бичгийн даргаар УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Ж.Бямбадулам нар ажиллаж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.