Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

Афганистаны дайныг дуусгахаар Талибантай хийж буй энхийн хэлэлцээг зогсоох болсныг Дональд Трамп зарлав

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг

18 жил үргэлжилж буй Афганистаны дайныг дуусгах зорилготой энхийн яриа хэлэлцээг зогсоох болсноо АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп зарлалаа.

Яриа хэлэлцээний нэг тал болох Талибан хөдөлгөөнийхөн саяхан Кабул хотод гарсан зэвсэгт халдлагыг үйлдсэнээ хүлээсэн нь ийм шийдвэр гаргахад нөлөөлжээ. Пүрэв гарагт Кабулд машинтай бөмбөг дэлбэлэх үеэр  арван хүн амь үрэгдсэний нэг нь АНУ-ын цэргийн алба хаагч байсан юм.

Дональд Трамп өнөөдөр буюу Ням гарагт Кэмп Дэвидэд Талибан хөдөлгөөний удирдагчидтай уулзахаар төлөвлөж байснаа цуцалсан байна.

Яриа хэлэлцээнд АНУ-ыг төлөөлж буй Залмай Халилзад энхийн гэрээ байгуулахад үндсэндээ бэлэн болсныг Даваа гарагт зарлаж байв. Гэрээг батлах эцсийн зөвшөөрлийг АНУ-ын ерөнхийлөгч өгөхөөр хүлээгдэж байжээ.

Гэрээний нөхцөл ёсоор 20 долоо хоногийн дотор АНУ 5,400 цэргээ Афганистанаас гаргах ёстой байв. 

Гэвч Кабулд гарсан зэвсэгт халдлага АНУ цэргээ гаргасан ч Афганистанд энх тайван байдал тогтохгүйг харуулсан хэрэг байлаа.

Одоо Талибан хөдөлгөөнийхөн Афганистаны газар нутгийн томоохон хэсгийг хянаж байгаа ба 2001 онд АНУ-ын цэрэг энэ улсад ирснээс хойш хамгийн дээд хэмжээндээ хүрээд байгаа юм.

Талибанчууд Афганистаны засгийн газрыг АНУ-ын утсан хүүхэлдэй гэж нэрлээд харилцахаас татгалзаж, Вашингтонтой шууд яриа хэлцэл хийх санал тавьсан нь ийнхүү мухардаж байна.

 

Эх сурвалж: BBC