Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

Британийн ерөнхий сайдыг иргэд хотоосоо хөөжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 9 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Их Британийн ерөнхий сайдаар томилогдоод удаагүй байгаа Борис Жонсон энэ долоо хоногт их барцадтай байлаа.

Улс орноо Европын Холбооноос аравдугаар сард багтаан яаравчлан гаргах саналыг нь Британийн парламент Мягмар гарагт унагасан. Маргааш нь тэр үгэнд нь ордоггүй парламентыг тарааж, ээлжит бус сонгууль явуулах санал гаргаад мөн дэмжигдээгүй юм.

Пүрэв гарагт Борис Жонсон тус улсын Йоркшир гүнлэгийн Морли хотод ажиллахад иргэд тун таагүй хүлээж авсан байна. Эхлээд түүнийг хотын иргэдтэй уулзаж, гудамжаар алхаж явахад нь нэг ахимаг насны эрэгтэй уулзаад ’Миний хотоос явна уу” гэж гуйжээ.

Жонсон “Би тун удахгүй явна” гэж хариулсан байна.

Үүний дараа бас нэг эрэгтэй Жонсонтой тааралдаад Брюссельд Европын Холбооноос гарах асуудлыг хэлэцэж суухын оронд Морлид юу хийж явааг нь асууж, олны өмнө загнажээ.

“Британийн Трамп” хочтой улс төрчийн барцад үүгээр дууссангүй.

Тухайн өдрийн орой тэр Уэйкфилд хотын цагдаагийн албан хаагчдын өмнө хэвлэлийн хурал зохион байгуулж, Европын Холбооноос хэрхэн гарах үзэл баримтлалаа тайлбарласан юм.

Энэ үеэр Жонсоны ард зогссон цагдаа нарын нэгний бие муудаж, унах шахсан байна. Үүнийг харсан ерөнхий сайд “Уучлаарай. Намайг үгээ хурдан дуусгах ёстойг сануулж байх шиг байна” гэж хэлсэн ч дахиад нэлээд удаан сунжруулжээ.

Ерөнхий сайд болоод сар гаруй болж байгаа Борис Жонсоны бодлого, үйлдэл эхнээсээ Британийн улс төрчид болон энгийн иргэдийн зүгээс эсэргүүцэлтэй тулгарч байна.

Тэрээр өөрийнх нь эсрэг санал өгсөн парламентын 21 гишүүнийг намаасаа хөөх шийдвэрийг энэ долоо хоногт гаргасан. Тэгвэл Морли хотод ирсэн өдөр нь түүний төрсөн дүү Жо Жонсон ахынхаа бодлогыг дэмжихгүй байгаагаа илэрхийлээд парламентын гишүүн болон сайдын албан тушаалуудаасаа татгалзсан юм.

Тэрээр “гэр бүлийн хэлхээ холбоо, үндэсний эрх ашгийн хооронд зөрчил үүссэн” тул ийм шийдвэр гаргаснаа твиттер хуудсандаа мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: Mashable