Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 2020 он гэхэд $10 тэрбумд хүргэхийг зорьж байна

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 9 сарын 7
iKon.MN
Зураг зураг

- БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцав хотоос iKon.mn сайтын сэтгүүлч Б.Даваабазар мэдээлж байна -

"Монгол-Хятадын экспо 2019" арга хэмжээ салбар хуралдаануудаар үргэлжилж байна.

Эдгээрийн дотроос "Бүс нутгийн хамтын ажиллагаа, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт" нь эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны томоохон төсөл танилцуулах, бэлэн төсөлд гарын үсэг зурах, төслүүдийн хамтын ажиллагааны уулзалт зэргийг чухалчилснаараа онцлог байв.

Тодруулбал, Монголын талаас Үндэсний хөгжлийн газар, Хятадын талаас ӨМӨЗО-ны хөгжил шинэтгэлийн хорооноос хоёр орны хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэхээр эрмэлзэж буй томоохон төслүүдээ 650 орчим хөрөнгө оруулагч нарт танилцуулсан явдал байв. 

Ингэхдээ ӨМӨЗО-ны талаас нэр бүхий найман байгууллагын төсөл, Манай улсын хувьд Засгийн газрын томоохон 15 төсөл хөтөлбөр, хувийн хэвшлийн 56 төслийг БНХАУ болон бусад улсын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдад танилцуулж, хөрөнгө оруулалт татах, худалдааны түншээ олох боломж олгогдсон юм.

Танилцуулсан төслүүдийг салбараар нь харвал,

  1. ХАА, малын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэлийн 24 төсөл
  2. Тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн 3  
  3. Барилгын материал үйлдвэрлэлийн 5
  4. Аялал жуулчлалын 3 
  5. Хөнгөн үйлдвэрийн 9 
  6. Уул уурхайн 1 
  7. Мэдээллийн технологийн 2 
  8. Усан цахилгаан станцын 1 
  9. Нийгмийн үйлчилгээний салбарын 6 
  10. Стратегийн хөгжиж буй салбарын 2 төсөл байлаа.

Чуулга уулзалтын үеэр 2017 оны "Хятад-Монголын экспо"-ийн хүрээнд түншилсэн хамтын ажиллагааны 50 гаруй гэрээ, санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэ үйл явдал нь бүс нутгийн хэмжээнд худалдаа, хөрөнгө оруулалт, түншлэлийн хамтын ажиллагааг дахин нэг шат ахиулж буй хэрэг. Монгол-Хятадын худалдааны эргэлт 2018 онд 8.4 тэрбум ам.долларт хүрсэн бол 2020 онд хоёр тал худалдааг 10 тэрбум ам.долларт хүргэхээр зорьж буйг талууд дуу нэгтэйгээр хэлсэн юм.

 

Үндэсний Хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан “1990 оноос хойш манай улсад бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулалттай 14,000 орчим аж ахуйн нэгж байсан бөгөөд үүний 50 хувь нь Хятад улсын хөрөнгө оруулалттай. Энэ хугацаанд БНХАУ-ын шууд хөрөнгө оруулалт 5.1 тэрбум ам.долларт хүрч, нийт гадаадын хөрөнгө оруулалтын 20 хувийг эзэлж, хөрөнгө оруулалтын хэмжээгээр 112 орноос эхний байранд орсон байна.

Үүнээс харвал хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа өргөжиж байна" гэв.

ӨМӨЗО-ны Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны дарга Гүн Мин Жүн “Монгол Улс дахь Өвөрмонголын хөрөнгө оруулалт тогтмол өсөж байна. Энэ оны зургаадугаар сарын байдлаар Монголын 226 төсөлд 19.52 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар хэлэлцээр хийсэн.

Хятад, Монголын ашигт малтмалын нөөцийг иж бүрэн ашиглах, анагаах ухааны технологийн судалгаа, боловсруулалт, цөлжилтийг бууруулах судалгаа, түүнчлэн үйлдвэрлэлийн инкубатор, хамтарсан лаборатори, технологи дамжуулах төвийн төслүүд идэвхтэй дэмжигдэж байна.

Томоохон төслүүдийн бүтээн байгуулалтад эерэг ахиц дэвшил гарч, Эрээн-Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах ажлыг бид эрчимтэй дэмжиж ирлээ. Үүний зэрэгцээ ногоон орчин, орчин үеийн мал аж ахуй, эрчим хүчний эдийн засаг, том өгөгдлийг ашиглах болон боомтын эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн чиглэлийн гол сурталчилгааг нягт хамтран зохион байгуулж байна” хэмээв.