Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

Трампыг Путинтэй утсаар яриулснаа Монгол Улсын ерөнхийлөгч баталжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 9 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Владивосток хотод энэ долоо хоногт болж өнгөрсөн Дорнын Эдийн Засгийн Чуулганы хэлэлцүүлгийн үеэр хөтлөгч Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулгаас нэгэн сонирхолтой асуулт асууж хариултыг нь авсан байна.

Тэрээр “Монгол улсын ерөнхийлөгчөөс асуух зүйл байна. Таныг Вашингтонд байх үед ерөнхийлөгч Трамп ерөнхийлөгч Путинтэй утсаар ярьсан. Энэ их сэжигтэй давхцал байлаа. Та Трампыг утсаар яриулах зүйл хийсэн юм биш биз?” гэж асуужээ.

Хариуд нь ерөнхийлөгч Х.Баттулга “Том гүрнүүдийн дунд хоорондоо ойлголцдоггүй зүйлс байдаг юм шиг байна. Бид нэг дэлхий дээр амьдардаг. Сибирь бол дэлхийн уушги юм. Сибирь шатаж байхад та хувь хүнийхээ хувьд ОХУ-ын ерөнхийлөгч рүү утастаад санаа зовж байгаагаа хэлж болдоггүй юм уу гэж би хэлсэн. Ийм л үг хэлсэн” гэж хариулсан байна.

Үнэхээр Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулгыг АНУ-д айлчилж, Цагаан ордонд зочилсон өдөр ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьж, Сибирьт шатаж буй түймрийг унтраахад тусламж үзүүлэх санал тавьсан юм.

Тухайн үед Путин туслах санал тавьсанд нь талархлаа илэрхийлээд хэрвээ шаардлагатай бол АНУ-ын тусламжийг авахаа илэрхийлж байжээ.