Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгийн судалгааны станц өнөө шөнө саран дээр бууна

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Өнөө шөнө Энэтхэг улсын хөөргөсөн судалгааны станц сарны хөрсөн дээр бууна. Хэрвээ ажиллагаа амжилттай болвол тус улс АНУ, хуучин ЗХУ, Хятадын дараа дэлхийн дагуул дээр станцаа буулгасан дөрөв дэхь улс болж түүхэнд бичигдэнэ.

Чандраян-2 хөлөг (санскрит хэлээр сарнаа явагч гэсэн үг) долдугаар сарын 22-нд Энэтхэгийн сансрын төвөөс хөөрч байв. Зургаан долоо хоногийн дараа буюу өнгөрсөн Даваа гарагт тус хөлгөөс саран дээр буух модуль амжилттай салсан юм.

Одоо тус модуль Энэтхэгийн цагаар өнөө шөнө сарны хөрсөн дээр буух юм. Энэ удаа хүн төрөлхтөн анх удаа сарны өмнөд туйлд хүрэх гэж байгаагаараа онцлогтой. Саран дээр буусныхаа дараа уг модулиас өөрөө явагч станц салж, судалгааны ажилдаа орох юм.

Станц нь сарны өмнөд туйлын зураглалыг гаргаж, хөрсний дээжийг шинжлэх ажээ.

Энэтхэгийн сансар судлалын төв өөрийн “isro.gov.in” сайтаар саран дээр буух үйл явцыг шууд дамжуулж, тус улсын ерөнхий сайд Нарендра Моди биечлэн үзэх юм.

Мөн National Geographic, Hotstar зэрэг сувгууд Улаанбаатарын цагаар шөнийн 2:00 цагаас эхлэн шууд дамжуулахаар болжээ.

 

Эх сурвалж: CNN