Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Гантулга: Ард түмний санал асуулгаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг шийдэхийг УИХ-аас шаардаж байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж буйтай холбоотойгоор Хөдөлмөрийн үндэсний нам өнөөдөр байр сууриа илэрхийллээ.

Тэд УИХ-ын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хоёрдугаар хэлэлцүүлгээр дэмжигдсэн саналыг эсэргүүцэж, тус хуулийн төслийг ард нийтийн санал асуулгаар батлуулахыг шаардав.

Шинэ Үндсэн хууль зөвхөн Монгол Ардын намын хууль болж батлагдах эрсдэлд хүрээд байна

ХҮН намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулга "Бид анх Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг дэмжиж байсан. Учир нь эхний төсөл дээр урагшилсан заалтууд байсан. Гэтэл хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр буюу өчигдрийн байдлаар нэмж өөрчлөх гэж байсан үндсэн заалтуудаасаа ухарлаа.

Тухайлбал, Өнөөдөр бидэнд бодлого ярьдаг, улсынхаа хөгжлийн төлөө иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх нам, төр хэрэгтэй болохоос биш намчирхалыг бий болгож, намын хатуу гишүүнчлэлээр хуваадаг системийг хүсэхгүй байна. Гэтэл иргэдийг 20 мянган хүний хатуу гишүүнчлэлтэй байж нам байгуулах тухай заалтыг Үндсэн хуульд оруулахаар шийдсэн.

Мөн Засгийн газрын тогтвортой байдлын амин сүнс болсон кабинетын зарчим, Ерөнхий сайд нь баг бүрдүүлж, хариуцлагаа бүрэн хүлээх тогтолцоог хэлэлцүүлгийн үеэр таван удаа унагаалаа. 

Сүүлийн жилүүдэд Засгийн газар дунджаар 1.8 жилийн настай болчихсон бөгөөд хоёр жил хүрэхгүй хугацаанд Засгаа томилдог болсон. Энэ нь нөгөө л тендер зарладаг, авлигаждаг, төсвөө хувааж идэх гэсэн бохир зүйлийг бий болгож байна.

Үүнийг кабинетын зарчмаар ажиллаж байж үүнийг устгах байсныг өчигдөр хойшлуулчихсан.

Ардчилсан намынхан нь өчигдрийн хурлыг хаяж гарсан. Тиймээс шинэ Үндсэн хууль нь зөвхөн Монгол Ардын намын хууль болж батлагдах эрсдэлд хүрээд байна.

Түүнчлэн Сонгуулийн тогтолцоогоор Монгол Улсыг 76 жижиг хэсэгт хувааж төсвийн мөнгийг хэдэн тийш нь татдаг зарчмыг өөрчлөх хэрэгтэй. Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэ мэт зохисгүй байдлыг зогсоох ёстой.

Тиймээс бид ард түмний санал асуулгаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг шийдэхийг УИХ-аас шаардаж байна" гэлээ. 

Иргэд Үндсэн хуульд анхааралаа зайлшгүй хандуулах хэрэгтэй

ХҮН намын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхсоёл "Үндсэн хууль бол бидний маш олон үнэт зүйлийг хөндөж байдаг.

Тухайлбал, Үндсэн хуулиар хүн амын орлогын албан татварын хэмжээг шууд тодорхойлоогүй ч түүний суурийг нь энэ хуулиар тогтоож өгдөг юм. Тийм учраас иргэд, ААН-үүд болон бүх нийгмийн бүлэглэлүүд Үндсэн хуульд анхаарлаа зайлшгүй хандуулах хэрэгтэй.

Бид сонгуулийнхаа тогтолцоонд анхаарахгүй бол бидний өнөөг хүртэл шүүмжилж ирсэн сонгуулийн систем хэвээр үлдэх нь" гэв.

Монгол Улс нэг хүнд ногдох өрөөрөө дэлхийд хоёрдугаарт орж байна

ХҮН намын Удирдах зөвлөлийн дарга Т.Доржханд "Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бидний амьдрал болон Засаглал маань сайжрах ёстой гэсэн хүлээлт байлаа.

Гэтэл бүх намууд болон ард иргэд нийтээрээ хэлэлцсэн зарим санал огт тусгагдсангүй. Өчидрийн байдлаар тэдний дэмжсэн санал одоо байгаа Үндсэн хуулийг бүр дордуулна.

Хамгийн багадаа 20 мянган гишүүнтэйгээр нам байгуулна гэж Үндсэн хуульдаа тусгасан улс дэлхийд байхгүй. Энэ нь Монголын ардчилалд аюул учруулах заалт юм.

Мөн Монгол Улс хөрөнгө оруулалтынхаа үр ашгаар дэлхийд сүүлийн 10 дугаар байранд буюу Африкийн орнуудын дараа орж байгаа нь сонгуулийн системтэй холбоотой.

Сонгуулийн системийг 76 жижиг хэсэгт хуваасан нь хөгжлийн бодлого хийх ямарч боломж байхгүй. Үүнийг өөрчлөх эрх мэдлийг бид өнгөрсөн 2016 оны сонгуулиар МАН-д өгсөн боловч өнөөдөр зөвөөр өөрчилж чадсангүй.

Тэдний өөрчлөлт хийх гэж буй Үндсэн хууль нь өмнөх Үндсэн хуулиа улам дордуулж байна гэж бид үзэж байна.

Монгол Улс нэг хүнд ногдох өрөөрөө дэлхийд хоёрдугаарт орж байгаа. Хэрвээ жижиглэсэн тойргоор сонгуулиа явуулсан тохиолдолд Монгол Улсад том бүтээн байгуулалт том төсөл хэрэгжүүлэх боломжгүй болно.

Үүнийг би баримтаар ч нотолж чадна.

Тухайлбал, сүүлийн 30 жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн эхний 50 том төсөл дотор улсын төсвөөр санхүүжсэн нэг ч төсөл байхгүй.

Өөрөөр хэлбэл Монгол Улс 20 сая доллараас дээш дүнтэй төслийг өөрсдийн төсвөөр санхүүжүүлсэн түүх байхгүй бөгөөд дандаа гаднын зээл тусламжаар бүтээн байгуулалтаа хийсэн байна. 

Хэрвээ энийг системийг өөрчилж тойргийг томсгохгүй бол ирэх 30 жилд хийгдэх бүх том бүтээн байгуулалт гаднын зээл тусламжаар хийгдэж Монгол Улсын иргэдийн нэг хүнд ногдох өрийн хэмжээ өсөх нь" гэсэн юм.

УИХ-ын гишүүдийг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийлгүй хоёрдугаар хэлэлцүүлгийн төслөө баталчихаад сонгууль явдаг шиг ард түмнээрээ батлуулах хэрэгтэй гэж тэд үзэж байгаа аж.