Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Лох Несс нуураас “мангас” хайсан эрдэмтэн судалгааны үр дүнгээ танилцуулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг

 Шотландад оршдог Лох Несс нууранд аварга амьтан амьдардаг тухай домог мэт яриа хүмүүсийн дунд байдаг.

Уг нууцлаг амьтныг илрүүлэхээр олон судлаачид ажиллаад үр дүнд хүрээгүй юм. Тус нууранд генетикийн томоохон судалгаа хийсэн Шинэ Зеландын эрдэмтэн Нэйл Геммэл өчигдөр үр дүнгээ Лох Несс нуурын эргээс хийсэн видео шууд дамжуулалтаар танилцуулжээ.

Түүний ахалсан баг нуурын олон байрлал, гүний 250 хэсгээс дээж авч, усанд агуулагдаж байгаа амьтдын биологийн материалуудыг шинжилсэн байна.

 Үүнд төрөл бүрийн амьтны үс, гуужсан арьс, хайрс зэрэг багтана. Ингэж шинжилсний үр дүнд Геммэл нийт 3,000 төрлийн амьд амьтан Лох Несс нууранд болон нуурын орчим амьдардгийг тогтоожээ. Тэдний дотор хүний болон нохойны ул мөр ч олдсон байна.

Харамсалтай нь илрүүлсэн амьд биетүүд дотор ямар нэг аварга амьтан байгаагүй гэнэ. Харин нууранд могой загас маш олноор амьдардгийг тогтоосон нь сонирхолтой нээлт байжээ.

Эндээс үндэслээд Лох Несс нууранд том биетэй могой загаснууд амьдардаг, тэднийг уснаас цухуйхыг харсан хүмүүс ямар нэг аварга биет амьтантай андуурсан байх гэсэн таамгийг Геммэл дэвшүүлжээ.

Гэхдээ генетикийн шинжилгээгээр тухайн амьтны биеийн хэмжээг тогтоох боломжгүй тул уг таамгийг баримтаар батлах хэрэгтэй гэж тэр үзэж байна.

Геммэлийн судалгааны үр дүнг үзүүлсэн “Loch Ness Monster: New Evidence” нэртэй баримтат кино есдүгээр сарын 15-нд Travel Channel сувгаар цацагдах ажээ.

 

Эх сурвалж: CNET