Багшийн хос хэл
Үндэстний цөөнхийн сурч боловсрох эрхийг хангахад олон хэлт боловсролын хөтөлбөрийг хөгжүүлэх тэнцвэрт хандлага чухал. Сүүлийн жилүүдэд хийсэн хэрэглээний хэл шинжлэлийн судалгааны дүн нь хос хэлтэй байх (болох) нь хүүхдийн хэлний чадвар болон боловсролд эерэг нөлөө үзүүлдгийг баталсан байна.
Мөн багш нарын хос хэлний мэдлэг чадвар нь сурагчийн хэлний болон оюуны хөгжилд чухал нөлөө үзүүлж чадна гэдгийг тэмдэглэжээ. Эдгээр судалгааг иш үндэс болгон Боловсролын хүрээлэнгээс Баян-Өлгий аймгийн удирдлага, БСУГ-тай хамтран тус аймгийн ЕБС-ийн бага ангийн багш нарын казах, монгол хэлний чадвар, заах арга зүйг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байна.
2019-2020 оны хичээлийн жилийг угтан БСШУСЯ, орон нутгийн БСУГ-тай хамтран Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр Баян-Өлгий аймгийн бага ангийн багш нарын монгол хэлний мэдлэг чадвар, хос хэлтэй сурагчдад хичээл заах арга зүйг сайжруулах зорилгоор дунд болон ахисан түвшний сургалтыг 500-аад багшид 2 ээлжээр зохион байгууллаа.
Сургалтыг хэлний сургалтын идэвхтэй арга, аргачлалаар явуулсан нь багш нарт хэлний чадвараа сайжруулаад зогсохгүй сургалтын шинэ шинэ арга техникээс суралцах боломж олгосон юм.
Мөн “Бага ангийн сурагчдын унших чадварыг хөгжүүлэх, үнэлэх зарим арга хэрэгсэл” гарын авлагыг бага ангийн багш нарт зориулан казах хэлэнд хөрвүүлэн хэвлэхэд бэлэн болгов.
Багшийн арга туршлага
2019-2020 оны хичээлийн шинэ жилийг угтан БСШУСЯ, Боловсролын хүрээлэн, БМДИ хамтран гадаадад амьдарч буй монгол хүүхдүүдэд монгол хэл, соёлын хичээл зааж буй багш нарын мэргэжил, арга зүйг дэмжих сургалтыг 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулав.
Энэхүү сургалтад ОХУ, Япон, Солонгос, Швед, АНУ, Бельги зэрэг улсад монгол хэл, соёлын сургалт явуулдаг 14 багш оролцлоо. Мөн сургалтын үеэр багш нар монгол хүүхдүүдэд сургалт явуулахад тулгамдаж буй асуудал болон төрөөс анхаарах зүйлсийн талаар ярилцаж, санал бодлоо солилцсон байна.
Сургалтын онцлог нь дадлагад суурилсан ба багш нар арга зүйн туршлагаа солилцож, дараах хөтөлбөрийн дагуу хамтран суралцсан явдал юм.
Багш нар өөрсдийн боловсруулж сургалтдаа ашигладаг хэрэглэгдэхүүний талаар мэдээллээ солилцсон нь сонирхол татаж байв. Сургалтын үеэр “Марчаахай” ТББ болон “Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг”-ийн төлөөлөл хүрэлцэн ирж өөрсдийн танилцуулга хийсэн нь сургалтын хэрэглэгдэхүүн болон арга зүйн шинэ санааг дэвшүүлсэн ач холбогдолтой боллоо.
Эх сурвалж: БСШУСЯ, Боловсролын хүрээлэн, Үндэстний Цөөнх болон Гадаад дахь Монгол Хүүхдийн Боловсролын Судалгааны Сектор