Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хар нүхний гэрэл зургийг анх удаа буулгасан эрдэмтэд $3 саяар шагнуулав

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Сансрын нэгэн сонирхолтой биет болох хар нүхийг бодитой байдаг тухай онол олон жилийн турш яригдаж байсан ч хэн ч нүдээр хараагүй байсан юм.

Асар их татах хүчтэй тул хар нүх нь гэрлийг хүртэл сордог. Тиймээс гэрэл зургийг нь буулгаж авах маш хэцүү.

Тэгвэл энэ оны дөрөвдүгээр сарын 10-нд хэсэг эрдэмтэд хар нүхний зургийг анх удаа хүн төрөлхтөнд харуулж чадсан юм. 

Event Horizon Telescope Collaboration (EHT) багийн эрдэмтдийн буулгасан зураг  нарийвчлал муутай, бүдэг дүрс байсан ч энэ нь шинжлэх ухаанд томоохон дэвшил байв.

Тэгвэл энэхүү төслийн баг өчигдөр “2020 Breakthrough Prize” шагналын эзэн болжээ. Найман жилийн өмнөөс олгож эхэлсэн уг шагналыг Гүүглийн Сергей Брин, Фэйсбүүкийн Марк Зукербэрг зэрэг хөрөнгө оруулагчид санаачилсан бөгөөд “шинжлэх ухааны Оскар” гэж нэрлэгддэг юм.

Хар нүхний багийнхныг $3 саяар шагнасан байна. Уг том төсөлд 347 эрдэмтэн судлаач оролцсон тул бүгдээрээ шагналын мөнгийг тэгш хувааж авахаар болжээ. Ингэхэд нэг эрдэмтэнд $8,600 оногдсон байна.

EHT төсөлд дэлхийн 20 улс орны 60 судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд оролцсон бөгөөд Антарктид, Чили, Мексик, АНУ, Испанид байрлах найман радио телескопыг ашиглан хар нүхний дүрсийг буулгажээ.

Төсөл 2006 онд эхэлж, хар нүхний мэдээллийг цуглуулж эхэлсэн бөгөөд хүмүүст үзүүлсэн гэрэл зургийг гаргаж авахын тулд хоёр жилийн өмнөөс цуглуулсан мэдээллээ боловсруулж эхэлжээ.

 

Эх сурвалж: Tech Insider