Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Шинээр бүтээсэн дуунаас хурдан зэвсгээ АНУ-д зарах санал тавьсан тухайгаа Путин ярьжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Владивосток хотод Дорнын эдийн засгийн чуулганд оролцож байгаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өөрийн шинэ зэвсгүүдээс АНУ-д зарах саналыг Дональд Трамптай саяхан уулзахдаа тавьсан тухайгаа ярьжээ. Уг саналдаа тус улсын шинээр бүтээсэн дуунаас хурдан зэвсгийг багтаасан байна.

Тэрээр хоёр орны хооронд зэвсэглэлээр өрсөлдөх явдлыг зогсоохын тулд ингэсэн нь зөв гэж үзэж байгаагаа АНУ-ын ерөнхийлөгчид хэлсэн гэнэ.

Харин Трамп энэ саналаас татгалзаад өөрсдөө ижил төрлийн зэвсэг зохион бүтээж байгаагаа хэлсэн гэж Путин ярьжээ.

Тэрээр “Хэрвээ хүсвэл бид танайд шинэ зэвсэгээ зарж болох юм. Тэгвэл бүх асуудал шийдэгдэж, бидний хүчний харьцаа тэнцүү болно” гэж АНУ-ын төрийн тэргүүнд хэлсэн тухайгаа ярьсан байна.

Өнгөрсөн сард АНУ-ын засаг захиргаа Хүйтэн дайны үед Америк, Зөвлөлтийн удирдагчдын байгуулсан дунд болон ойрын тусгалын цөмийн зэвсгийг хориглох гэрээнээс гарсан билээ.

Энэ шийдвэрийг гаргаснаасаа хоёр долоо хоногийн дараа Пентагон өмнө нь хориотой байсан далавчит пуужинг харваж туршсан юм.

Эндээс харвал хоёр орны дунд зэвсэглэлээр хөөцөлдөх шинэ өрсөлдөөн эхэлсэн бололтой.

Өчигдөр хэлсэн үгэндээ Путин “Бид АНУ-тай яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн ч тодорхой хариу өгөхгүй байгаа” гэж ярьжээ.

Өнгөрсөн онд ОХУ дэлхийд анх удаагаа дуунаас хурдан зэвсэгтэй болсноо зарлаж байсан юм. Харин Пентагон энэ төрлийн зэвсэг бүтээх хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байгаа гэсэн мэдээлэл бий.

 

Эх сурвалж: Business Insider, ТАСС