Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Борис Жонсон Их Британийг хамгийн богино хугацаанд удирдсан ерөнхий сайд болж магадгүй боллоо

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Зургаан долоо хоног орчмын өмнө Их Британийн ерөнхий сайдаар томилогдож байсан Борис Жонсон энэ долоо хоногт дараалан хүнд цохилт амсаад байна.

2016 оны Brexit хөдөлгөөнийг тэргүүлж байсан 55 настай Жонсон өнөөдөр улс орноо Европын Холбооноос гаргах үйл хэргийг гүйцээх зорилготой ажиллаж байгаа юм.

Тэрээр Мягмар гарагт Европын Холбоотой гэрээ байгуулсан, байгуулаагүйгээс үл хамааран аравдугаар сарын 31-ний дотор Британийг тус холбооны гишүүнчлэлээс гаргах хуулийг батлуулахаар парламентад хандсан ч дэмжээгүй байна.

Парламентын гишүүдийн олонх хэсэг, түүний дотор Жонсоны өөрийнх нь консерватив намын олон гишүүн Европын Холбоотой гэрээ байгуулалгүйгаар салах нь Британийн ирээдүйд хор хөнөөлтэй гэж үзсэн юм.

Энэ ялагдлынхаа дараа Жонсон эсрэг санал өгсөн 21 гишүүнийг намаасаа хөөсөн нь түүнийг дарангуйлагч хоч зүүхэд хүргэсэн байна.

Түүнийг зарим улс төрч “Умард Солонгосоос ирсэн хүн мэт аашилж байна” гэж шүүмжилжээ.

Шантаршгүй Жонсон маргааш нь парламентын ээлжит бус сонгуулийг аравдугаар сарын 15-нд зохион байгуулах санал оруулсан нь дахин унасан юм. Тэр санаагаа гүйцэлдүүлэхийн тулд парламентад өнөөдрийнхөөс хүчтэй олонх бүрдүүлэхийг зорьсон нь ийнхүү талаар болжээ.

Ийнхүү хоёр өдрийн дотор Борис Жонсон хоёр том ялагдал хүлээгээд байна.

Түүний өмнөх ерөнхий сайд Тереза Мэй Европын Холбоотой байгуулах гэрээний саналаа парламентаар дэмжүүлж чадалгүй байсаар огцорсон юм.

Хэрвээ Борис Жонсоны бүтэлгүйтэл цааш үргэлжилбэл тэр Британийн ерөнхий сайдын албан тушаалыг хамгийн богино хугацаанд хашсан хүн болж түүхэнд үлдэнэ.

Хоёр жилийн өмнө Тереза Мэй мөн парламентад хүчтэй олонх болохын тулд ээлжит бус сонгууль зарлан явуулсан ч өмнөхөөсөө дордсон үр дүнд хүрч байв.

 

Ийнхүү Brexit-ийг тойрсон Британийн улс төрийн хямрал үргэлжилж байна. Жонсоны хамгийн том гадаад фэн болох АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “Борис хэрхэн ялахаа мэдэж байгаа. Түүнд санаа зовоод хэрэггүй. Тэр асуудлыг шийдэж чадна” гэж сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгджээ.

 

Эх сурвалж: Associated Press