Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Сонгуулийн насныхны нэг хувиас доошгүй тооны иргэд нэгдэж нам байгуулах санал дэмжигдлээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ.

Өнөөдрийн хурлаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулж байна.

Ээлжит бус чуулганы өглөөний хуралдаанаар нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотойгоор хоёр санал дэмжигдсэн юм.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаарх УИХ-ын хэлэлцүүлгийн эхэнд "Намыг сонгуулийн насны эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны хүмүүс эвлэлдэн нэгдэж байгуулна" гэсэн зүйл заалтыг нэмж оруулах талаар санал хураав.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл Монгол Улсын иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг тоогоор хязгаарлахыг дэмжихгүй.

Учир нь хуучин хоёр нам нь л үлдэж, шинээр нам байгуулах нөхцөлийг хаая гэж байгаатай яг ижил сонсогдож байна.

Монголчууд 30 жил хоёрхон намын системээр буюу хоёр хөгшин, хуучин морио ээлжилж унаад явсан.

Шинэ улс төрийн хүчин Монголыг удирдаасай гэж иргэд хүсэж байгаа.

Гэтэл шинэ улс төрийн хүчнүүдийг байгуулагдахыг хориглож, зогсоож, эвлэлдэн нэгдэх эрхийг нь өндөр босгоор хязгаарлах зорилгоор энэ заалтыг оруулж буйг бид хүний эрхийг зөрчсөн заалт гэж үзэж байна" хэмээн эсэргүүцсэн байр суурьтай байсан юм.

Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Энэ заалтыг дэмжих ёстой гэж бодож байна. Намын идэвхтэй гишүүд буюу намыг үүсгэн байгуулах гэж байгаа иргэдийн тоог дээд хязгаар зааж оруулж ирэх ёстой гэж харж байна.

Улс төрийн нам байгуулъя гэвэл намын санхүүжилтийг нээлттэй болгоод намын гишүүдийн тооны босгыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Харин нэг хувь буюу түүнээс доошгүй гэдгийг 20 мянга гэж тодорхой заах хэрэгтэй. Сонгуулийн насны иргэдийн нэг хувь гэхээр аль сонгуулийн гэдэг нь ойлгомжгүй болно.

20 мянган хүний дэмжлэг авч чадахгүй бол нам байгуулалгүй зөвхөн гишүүддээ үйлчилдэг Төрийн бус байгууллага байгуулсан нь дээр" гэсэн санал хэлсэн юм.

Ийнхүү дээрх асуудлаар санал хураахад санал хураалтад оролцсон гишүүдийн 90.8 хувийн саналаар дэмжигдлээ. Өөрөөр хэлбэл, сонгуулийн насны иргэдийн нэг хувиас доошгүй иргэд нэгдэж, нам байгуулах боломж бүрдэх юм.

Дараа нь, Монгол Улсын Үндсэн хуулийн зургаадугаар заалтын хоёрдугаар хэсгийн “Төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримтална” гэсэн хоёр дахь өгүүлбэрийг хасаж, "Монгол Улсад иргэдэд өмчлүүлснээс бусад газар болон газрын хэвлий, түүний баялаг, ой усны нөөц, ан амьтан нь төрийн нийтийн өмч мөн.

Байгалийн баялаг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурласан, одоо ба ирээдүй үеийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг үндэсний баялгийн санд төвлөрүүлж, иргэн бүрт тэгш шударга хүртээхэд чиглэнэ.

Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялаг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй" гэсэн өгүүлбэрийг нэмж оруулах санал 89.2 хувьтайгаар дэмжигдэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар гишүүдийн саналыг  үндэслэн тус заалтыг гуравдугаар хэлэлцүүлэгт оруулж ирэхдээ найруулгад нь сайтар анхаарах чиглэл өгөв.

ШУУД ҮЗЭХ: /2019.09.05/

https://www.facebook.com/iKonNews/videos/486285058604161/?notif_id=1567658391572535¬if_t=live_video_explicit