Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп худлаа ярьснаа хамгаалахын тулд газрын зургийг гараар өөрчилжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Бахамын арлуудыг дайрсан далайн хар салхи Дориан АНУ-ын зүүн эргийн мужуудад заналхийлж байгаа.

Хэд хоногийн өмнө АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хар салхины аюул нүүрлэж байгааг твиттер хуудсандаа анхааруулж бичсэн юм. Ингэхдээ тэр Алабама муж хар салхины шилжих замд байгааг зарласан нь тус мужийн иргэдийг сандаргасан байна.

Гэвч 20 минутын дараа АНУ-ын цаг уурын алба Алабама муж Дориан хар салхины гамшигт өртөхгүй гэдгийг зарлаж, ард иргэдийг тайтгаруулж байжээ.

Харин Дональд Трамп худал мэдээлэл тарааснаа хүлээн зөвшөөрөх дургүй байна. Цагаан ордонд болсон хар салхины нөхцөл байдлыг хэлэлцэх хурлын үеэр Трамп газрын зураг үзүүлжээ.

Гэтэл Дориан хар салхины шилжих замыг дүрсэлсэн уг зураг дээр хэн нэг нь хар өнгийн үзгээр Алабама мужийг оруулж гараар зассан байв.

Энэ нь Трампын худал мэдээлэл тараасныг зөвтгөх оролдлого бололтой. Газрын зургийг ерөнхийлөгч өөрөө зассан уу, эсвэл түүнийг өмгөөлөх гэж өөр хүн зассан уу гэсэн яриа удалгүй сошиал ертөнцөд өрнөж эхэлжээ.

Цаг уурын албанаас гаргасан ийм зургийг өөрчлөх нь АНУ-д хууль бус үйлдэлд тооцогддог.

Дональд Трамп сүүлд сэтгүүлчидтэй уулзахдаа Дориан хар салхи Алабамаг дайрах 95 хувийн магадлалтай гэж ярьжээ. Энэ үеэр сэтгүүлч түүнээс газрын зургийг гараар зассан эсэхийг асуухад Трамп ”Би энэ талаар мэдэхгүй” хэмээн бултсан юм.

Дориан хар салхины шилжилтийг харуулсан АНУ-ын Хар Салхины Үндэсний Төвийн зураглал тус байгууллагын вэбсайтад Алабама мужийг оруулаагүй анхны хувилбараараа хадгалагдаж байна.

 

Эх сурвалж: The Guardian