Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Үндсэн хуулийн Нутгийн удирдлагын тогтолцоог өөрчлөх хоёр санал дэмжигдлээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаан эхэлж байна. Өнөөдрийн чуулганаар үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг үргэлжлэх юм.

Ээлжит бус чуулганы өчигдрийн хурлаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх саналын томьёоллуудаар санал хураасан.

Тодруулбал, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Н.Оюундарь нар хуулийн төслийн гуравдугаар зүйлийн 4 дэх заалт буюу Гучдугаар зүйлийн хоёр дахь хэсгийг “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж өөрчлөн найруулан, санал хураалт явуулахад  хуралдаанд оролцсон гишүүдийн 92.2 хувь нь дэмжсэн юм.

Харин өнөөдөр нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой хоёр санал хураалт явуулав.

Төслийн гуравдугаар зүйлийн 12 дахь заалт буюу Үндсэн хуулийн 59 зүйлийн хоёр дахь хэсгийг "Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, баг хороонд иргэдийн нийтийн хурал байна. Аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх, татварын хувь хэмжээг тогтоох эрхтэй.

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чиг үүрэг, төсвийн харилцааны үндсийг тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг нийгмийн амьдралын тодорхой онцлогт нийцүүлэн хуулиар тогтоож болно" гэж өөрчлөх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжигдэв.

Харин "Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан тухайн нутгийн иргэдийн саналыг үндэслэн Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэнэ" гэсэн хэсгийг 57 дугаар зүйлд нэмэх санал хураахад 95.1 хувиар дэмжигдлээ.

УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцүүлгийн явцад хойшлуулсан саналуудаа дахин хэлэлцэж, нэгдэх шаардлагатай гэж үзэн завсарлага авснаар хуралдаан завсарлаж 15:00 цагаас үргэлжлэхээр боллоо.

ШУУД ҮЗЭХ: /2019.09.05/

https://www.facebook.com/iKonNews/videos/687692575078745/?notif_id=1567485310119976¬if_t=live_video_explicit