Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Хималайн “Араг яст нуур”-нд хийсэн генетикийн судалгааны дүнг танилцуулжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Далайн түвшнээс 5,000 метрийн өндөрт Хималайн уулсын дунд нэгэн жижиг нуур оршдгийг “Араг яст нуур” гэж нэрлэдэг.

Албан ёсоор Руупкунд нуур гэж нэрлэгддэг энэ нуур нь 40 орчим метр диаметртэй. Сонирхолтой нь уг жижиг нууранд 800 орчим хүний араг яс агуулагдаж байдаг юм.

Зуны улиралд мөс хайлахад араг яснууд нуурын мандалд хөвж ил гардаг байна. Зарим яс нь үс, махтайгаа хадгалагдсан байдаг.

Анх Британийн цэргийн харуулууд 1942 онд уг нуурыг нээсэн юм. Тэр цагаас хойш ямар шалтгаанаар олон хүний араг яс энд хадгалагдаж байдгийг судлаад хариултыг нь олоогүй байгаа.

Тэгвэл өнгөрсөн сард хэсэг судлаачид нуурын 38 араг ясанд генетикийн шинжилгээ хийсэн байна. 

“Nature Communications” сэтгүүлд нийтлэгдсэн энэхүү судалгааны тайланд өгүүлснээр араг яснууд гурван өөр угсаа гарлын хүмүүсийнх болохыг тогтоожээ. Мөн тэдгээр хүмүүс нь хоорондоо мянга орчим жилийн зайтай хоёр өөр үед нас барсан болохыг тогтоосон байна.

Нийт 38 хүний араг ясанд шинжилгээ хийснээс 23 нь өнөөдрийн Энэтхэг хүмүүсийн өвөг дээдэс байсан бол 14 нь Газар дундын тэнгисийн дорнод хэсгийнхэн буюу Грек болон Крит арлын хүмүүстэй ойр төрөл байжээ.

Харин үлдсэн нэг нь Зүүн Өмнөд Азиас гаралтай хүний араг яс болохыг тогтоосон байна.

Тэдгээрийн 23 нь долоогоос аравдугаар зууны хооронд болсон хэд хэдэн үйл явдлын үеэр амиа алдсан бол 15 нь 17-оос 20 дугаар зууны үед болсон нэг үйл явдлын үеэр амь үрэгдсэнийг тогтоожээ.

“Эдгээр хүмүүсийг юу Руупкунд нуурт авчирсан, тэд хэрхэн амь үрэгдсэн нь тодорхойгүй хэвээр байна. Бидний ажил энэхүү нууцлаг нууранд цаашид хийгдэх олон судалгааны ажлын эхнийх нь болно гэж найдаж байна” гэж генетикийн шинжилгээг ахалсан Нираж Рай хэвлэлд ярьсан байна.

2004 онд National Geographic сувгийн бүтээсэн баримтат кинонд Руупкунд нуурт булшлагдсан хүмүүс эрүүл саруул, ямар нэг бактерын халдваргүй байсныг мэдээлж байв.

Нуурын ойролцоо ямар нэг зэвсэг олдоогүй нь тэднийг дайн байлдааны үеэр алагдсан гэх сэжгийг няцааж байгаа юм. Хималайд амьдардаг үндэстний ардын дуунд уг нуурын ойролцоо уулсын бурхан Нанда Девигийн мөргөлийн газар байдаг тухай өгүүлдэг.

Тиймээс мөргөл хийхээр ууланд ирсэн хүмүүс золгүй тохиолдлоор нууранд амиа алдсан гэх хувилбар таамаг яригддаг байна.

Мөн ууланд аялж явсан худалдаачид цасан шуурганд уруудаж, нууранд амиа алдсан гэх таамаг яригддаг. Гэхдээ нуурын ойролцоо ямар нэг худалдааны зам харгуй байдаггүй тул уг таамаг эргэлзээтэй юм.

Сүүлийн судалгаанд оролцсон Пеннсилванийн их сургуулийн антропологич Кэтлин Моррисон өөр өөр цаг үеийн хүмүүсийг нэг нууранд нийлүүлснээс харвал нутгийн хүмүүс нуурыг оршуулгын газар болгон ашигладаг байсан байх магадлалтай гэсэн таамаг дэвшүүлжээ.

“Араг яст нуур”-ын нууцыг тайлах судалгаа ийнхүү нэг шатаар ахиж байна.

 

Эх сурвалж: Business Insider