Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Цогтбаатар: 100 тэрбум рублийг зөвхөн төмөр замын шинэчлэлд зориулна

Т.Сайхан, Зууны мэдээ
2019 оны 9 сарын 5
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний айлчлалын үр дүнгийн талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас тодрууллаа.

-ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний айлчлалын үеэр хэд хэдэн гэрээнд гарын үсэг зурсан.  Үүнд ямар асуудлууд багтсан бэ?

-Хоёр орны хувьд хамгийн чухал гэж хэлж болох суурь гэрээ бий. 

Тэр нь 1993 онд байгуулагдсан Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ юм. Үүнийг шинэчилж, иж бүрэн түншлэл стратегийн хамтын ажиллагааны түвшинд хүргэж  хугацаагүй болгож баталлаа. Энэ бол түүхэн хэлэлцээр.

1993 онд байгуулсан тус гэрээ  Монгол Улс, ОХУ хоорондын харилцааны гол суурийг тавьж өгсөн эрх зүйн бааз шүү дээ. Энэ нь дандаа өөрчлөгдөөд байхгүй, харилцаа шинэ шатанд гарч ирж байгаа учраас шинэчилсэн. 

Ер нь хэлэлцээр өргөжнө гэдэг нь зүгээр нэг яриа биш. Ард нь мэдээллийн технологи, боловсрол, шинжлэх ухаан, инновацийн салбарт хоёр тал нягт хамтран ажиллах талаар гэрээндээ тусгаж өгсөн.

-НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн таван орны гуравтай нь Стратегийн түншлэлийн гэрээ байгууллаа.  Үүнийг гадаад харилцаанд гарсан томоохон өөрчлөлт гэж харж байна уу?

-Тийм ээ. Манай гадаад харилцааны салбарынхан үүнийг бүгд үнэлж байна. Улс орны тусгаар тогтнол гэдэг нь нэг бий болчихоод  бүтчихдэг байнгын байдаг зүйл биш.  Алхам тутамдаа тусгаар тогтнолоо бэхжүүлж байх учиртай. Ялангуяа олон улсын харилцаа өдөр тутамд хөгжиж өөрчлөгдөж байна.

Тиймээс тухайн орчинд нь таарсан аюулгүй, тэнцвэртэй байдлын механизмуудаа хөгжүүлээд явж байх ёстой. Цаг үеэсээ хоцорч болохгүй, мэдрэмжтэй ажиллах ёстой.

Аюулгүйн зөвлөлийн таван орны гуравтай нь Стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан нь тэнцвэрийг хадгалах, тусгаар тогтнолоо баталгаажуулах маш чухал баримт бичгүүд боллоо.

-ОХУ-тай эдийн засаг хамтын ажиллагааны хүрээнд ямар дэвшилтэй алхмууд хийгдэх вэ?

-Бид худалдаагаа нэмэгдүүлмээр байна. Саяхан Владивостокт хуралдааны төлөөлөгчийн газраа нээсэн. Айлчлалын хүрээнд нэг яригдсан зүйл нь Монголын хүнс хөдөө аж ахуйн салбарын бараа бүтээгдэхүүнийг ОХУ руу гаргах асуудалд  хоёр тал анхаарч ажиллахаар болсон. 

Тэр хүрээнд малыг эрүүлжүүлэхэд хойд хөрштэй уламжлал болсон харилцаа бий.  Үүнийг илүү үр дүнтэй өргөн хүрээнд авч явахаар боллоо. Энэ нь эргээд манай экспортыг дэмжиж буй хамгийн чухал арга юм.  Үүнээс гадна айлчлалын хүрээнд 10 гэрээ, хэлэлцээр байгуулагдсан. Үүн дотроо эдийн засгийн ач холбогдолтой олон хэлэлцээр  байна.

Тухайлбал хоёр орны худалдааны асуудлыг ярихдаа голдуу бараа, материал ярьдаг. Гэтэл орчин үед үйлчилгээний худалдаа гэдэг төрөл  маш том орон зайг эзэлж байна.

Энэ нь шинэ боломж, ажлын байр, орлогын эх үүсвэрийг бий болгодог ийм онцлогтой салбар. Энэ хүрээнд хоёр улсын шуудан  холбооны төрийн нэгдсэн үйлдвэр хоорондын “Стратегийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа. Энэ нь транзит худалдааг хөгжүүлэхэд хамгийн чухал нөлөө үзүүлэх суурь нь юм.

-2000 оноос хойш ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин манай улсад дөрвөн удаа айлчилсан.  Өмнөх айлчлалууд төдийлөн үр дүнд хүрээгүй гэсэн судлаачдын байр суурь бий.  Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Үр дүнгүй гэж хэлж болохгүй.  Харин гэрээ хэлэлцээр 100 хувь биелж байна уу гэдэг дээр бид анхаарах ёстой.  Хоёр талдаа хүнд суртлын механизм гарахыг үгүйсгэхгүй.  Шийдэл гарахгүй зүйл байж болно. Тухайлбал, ОХУ руу хил нэвтрэхэд хүндрэлтэй асуудал бий.  Найрсаг харилцаатай орнууд байж үүнийг шийдэх л ёстой.  Хоёр тал ярилцаж байна.

-ОХУ-ын зүгээс ер нь ямархуу хариу өгсөн бэ?

-Холбооны улс учраас тийм ч амархан шийдэгдэх асуудал биш. Зөвхөн Монголын хилийн тухай ойлголт биш юм.  Монголд зориулаад тусад нь шийдвэр гаргана гэж байдаггүй.  Аль болох хоёр тал визний асуудлыг хөнгөлөх тухай ярилцаж байна.   

Мөн айлчлалын хүрээнд худалдааны тарифын асуудлыг ярьсан байгаа.  Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлыг судлахаар болсон. Аливаа худалдааны хэлэлцээрийг хийхэд  сэтгэл хөдлөлөөр ч юм уу, шууд л хэлэлцээр байгуулъя гэж яриад байдаг. 

Худалдааны тарифыг төр зохицуулдаг хэр нь төлбөрийг нь  хувийн салбарынхан болоод татвар төлөгчид төлдөг.  Тиймээс энэ асуудал дээр судалгаагаа хийгээд ямар ямар салбарт тарифын ямар хэлэлцээр хийх вэ гэдгээ гаргаж ирэх ёстой. Манай аль салбар илүү өрсөлдөх чадвартай, хөгжих боломжтой  байна түүнийг сонгож хэлэлцээгээ явуулна. 

Урьд нь бол энэ асуудал дээр зүгээр л сэтгэлийн хөөрлөөр ханддаг байсан.  Харин одоо илүү судалгаа шинжилгээтэйгээр шийдвэрээ гаргана. ОХУ-ын зүгээс худалдааны тарифын асуудлыг дэмжихээ илэрхийлсэн.

-“Улаанбаатар төмөр зам”-ын өндөр дүнтэй зээлийн асуудал яригдсан уу?

-Тийм ээ. 100 тэрбум рублийн үнийн дүнтэй зээлийн асуудлыг яг төмөр зам дээр хөрөнгө оруулалтаа хийгээд явъя гэж тохирсон. Энэ салбарт сайжруулалт, технологийн шинэчлэлийн ажлыг хийнэ.  Төмөр зам гэдэг нь манай улсын хувьд  яг энэ цаг үед ирээдүйтэй салбар.  Тиймээс байгаа оносон хөрөнгө оруулалт болж чадна.  Сүүлийн үед төмөр замын бараа эргэлтийн динамикийг харахад өсөлттэй байна. Тиймээс зээл авахад буцаагаад төлөгдөх боломжтой гэж харж байна.

-Зээл яг  хэзээ шийдэгдэнэ гэж тооцсон бэ?

-Холбогдох байгууллагууд тооцоо судалгаагаа хийж дууссаны дараа зээлтэй холбоо хэлэлцээ явагдана.

Түүнчлэн үүнээс гадна ОХУ  шууд хөрөнгө оруулалтын сан байгуулж, манай холбогдох байгууллагуудтай гэрээгээ хийгээд байна. Энэ сангаас  жижиг мега төслүүд маань хөрөнгө татах боломжтой болж байгаа. 

Бизнесийнхэн маань өөрсдөө идэвх гаргаад хөөцөлдөөд гэрээ хэлэлцээ хийгээд явж байгаад баяртай байна.  Бүрэн дэмжиж ажиллана.

-ОХУ-ын Ерөнхийлөгч Халх голын ялалтын 80 жил ойн хүрээнд айлчилсан. Энэ үйл явдал нь хоёр орны харилцаанд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Дайны он жилүүдэд аливаа улс оронд ялалт болгон тусгаар тогтнолын үнэ цэнэтэй байсан.  Тэр хэцүү  он жилүүдэд хоёр улс хамтраад тусгаар тогтнолоо хамгаалаад явж байсан нь өнөөдөр хоёр орны харилцааны гол суурь болж байгаа юм.

Халхын голын дайны ялалтын 80 жилийн ой гэдэг бол томоохон үйл ажиллагаа. Энэхүү ялалтын баярыг зүгээр тэмдэглэх биш хоёр улс төрийн түвшинд үнэлж ирсэн. Бидний үнэт зүйл юм.

Баяраа хамтарч маш өргөн хүрээнд тэмдэглэж байна. Энэ нь ард түмний сэтгэхүйн суурь  орчныг  харуулж байна.  Олон сая хүн  бие биеэ дэмжих тэр харилцааг илтгэж байна. Энэ бол хоёр улсын хамгийн чухал асуудал байлаа. Цаашид ч ингэж үргэлжилнэ.

Зураг