Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

Зэвсэгт хүчний хурандаа Д.Цогтбаатарыг эцсийн замд нь үдлээ

ikon.mn
2019 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг
 

Монгол Улсын Зэвсэгт Хүчний хурандаа, Улсыг агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах цэргийн Зенит пуужингийн мастер, Монгол Ардын Хувьсгалт Намын ахмад зүтгэлтэн Дугарсүрэнгийн Цогтбаатар 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр өвчний улмаас 72 насандаа таалал төгсч, гэр бүл, үр хүүхэд, төрөл садан, найз нөхөд, зэвсэгт нэгт ахан дүүс, журмын нөхөддөө хүнд гарз тохиогоод байна.

Салах ёс гүйцэтгэх арга хэмжээ 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Зэвсэгт хүчний 032 дугаар ангид болж, цэргийн байгууллагын удирдлагууд, үе үеийн генерал, хурандаа, мөрдөс нэгт журмын нөхөд нь оролцсон юм.

 

Д.Цогтбаатар 1948 онд Төв аймгийн Баянзүрх суманд төрж, 1966 онд жанжин Сүхбаатарын нэрэмжит 10 жилийн 2 дугаар дунд сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг онц дүнтэй төгсч, 1966-1971 онд ЗХУ-ын Киев хотод Артиллер инженерийн дээд сургууль, 1981-1982 онд ЗХУ-ын "Выстрел" офицерын курсийг төгссөн, зенит пуужингийн мастер зэрэгтэй, Монголын Зэвсэгт хүчний нэр хүндтэй хурандаа байв.

Тэрээр 1971-1972 онд Ардын армийн 134 дүгээр ангийн Инженер-пуужингийн албанд зэвсэглэлийн туслах, 1972-1974 онд Батлан Хамгаалах Яамны 14 дүгээр хэлтэст Байлдааны бэлтгэл эрхэлсэн ахлах офицер, 1974-1979 онд Ардын армийн 028 дугаар ангийн Штабын дарга, 1979-1981 онд Ардын армийн 065 дугаар ангийн Штабын дарга, 1982-1989 онд Зэвсэгт хүчний жанжин штабын Цэргийн албаны хэлтсийн дарга, 1989-1994 онд Ардын армийн 032 дугаар ангийн захирагч, Улаанбаатар цэргийн хүрээний Ерөнхий зохицуулагчаар тус тус ажиллаж байв. Мөн түүнчлэн Төрийн есөн хөлт цагаан тугийг Ардын Хувьсгалын 70 жилийн ойгоор анх залсан Төрийн анхны хонжин юм.

Командалсан анги салбарынхаа байлдааны бэлэн байдал, цэргийн сахилгыг бэхжүүлэхэд онцгой анхаарач ажилладаг, чадварлаг дарга, захирагч байсан бөгөөд Цэргийн албаны хэлтсийн даргаар ажиллаж байсан Зенит пуужингийн 028 дугаар анги нь МАА-ийн түүхэнд анхны онц анги болсон явдал юм.

Д.Цогтбаатар нь мэргэжил нэгт нөхөдтэйгээ хамтран Улсыг агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах цэргийн анги, салбаруудын байлдааны бэлтгэлийн программ, цэргийн анги салбаруудыг байлдааны бэлэн байдлын зэргүүдэд шилжүүлэх төлөвлөгөө, байлдааны баримт бичгийн үлгэрчилсэн заавар, байлдааны жижүүрлэлтийн үүрэг гүйцэтгэх заавар, БНМАУ-ын нутаг дэвсгэрт түр байрлаж буй ЗХУ-ын Армийн Агаараас эсэргүүцэн хамгаалах анги, салбаруудтай харилцан ажиллах төлөвлөгөө, БНМАУ-ын агаарын орон зайд нислэг үйлдэх журам, агаарын цагын байдлын тухай мэдээ боловсруулах, дамжуулах заавар, Цэргийн нийтлэг дүрмүүд, Байлдааны дүрмийн төсөл, анги алба хааж буй газраа дур зоргоор орхисон цэргийн албан хаагчийг эрэн сурвалжилан баривчлан саатуулах заавар "Харуулын алба" сургалтын кино, Цэргийн албыг зохион байгуулах тухай заавар, Гарнизоны албыг зохион байгуулах заавар, Энгийн гэрээт харуулын дүрэм, Террорист үйлдлийн сөрөг тусгай арга хэмжээний дүрэм, Алаг сүлдийг тахих, цэнгүүлэх заавар зэрэг олон бичиг баримтыг боловсруулахад өөрийн бүхий л мэдлэг чадвараа зориулсан манай авъяаслаг захирагч нарын нэг байсан.


Талийгаачийн хөдөлмөрийг төр засгаас үнэлэн Гавъяаны Улаан тугийн одон, Алтан гадас одон, Цэргийн Гавъяаны медаль, Халх голын ялалтын 30, Ардын хувьсгалын 50, 60, 70, 90 жилийн ойн медаль, Чөлөөлөх дайны 30, 70 жилийн ойн медаль, Ардын армийн 50, 60, 70 жилийн ойн медаль, ЗХУ, Куба, Польш улсын цэргийн медаль, Тагнуулын албаны нэгдүгээр зэргийн медаль, Дайчин алдар нэгдүгээр зэргийн медалиар тус тус шагнасан байна.

Журмын нөхөр Д.Цогтбаатарын эгэл даруу, шударга, хөдөлмөрч, хичээнгүй, хүнлэг чанар бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан үлдэх болно.

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ!


МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ,
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ,
АГААРЫН ДОВТОЛГООНООС ЭСЭРГҮҮЦЭН ХАМГААЛАХ ЦЭРГИЙН КОМАНДЛАЛ,
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЦЭРГИЙН 032-Р АНГИ