Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

М.Батчимэг: Монгол “76 толгойтой улс” болжээ

Д.Гэрэлцэцэг
2019 оны 9 сарын 4
Зууны мэдээ
Зураг зураг
2015 оны зургаадугаар сарын 2-нд нийтлэгдсэн ярилцлагаас зарим хэсгийг онцлон дахин хүргэж байна.

2000 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаас хойш дахин нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал УИХ-ын сүүлийн гурван бүрэлдэхүүн хэлэлцэж, 2011, 2012, 2015 онуудад нэр бүхий гишүүд төслүүд УИХ-д өргөн барьж байсан билээ.

Хамгийн сүүлд буюу 2019.06.06-ны өдөр УИХ-ын нэр бүхий 62 гишүүн Үндсэн хууль оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл өргөн бариад байна.

Эдгээр төсөлд, ялангуяа 2015.11.06-ны өдөр нэр бүхий 47 гишүүний өргөн мэдүүлсэн төсөл болон 2019.06.06-ны өдөр нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлд нийтлэг хөндөгдсөн, хамгийн чухал агуулга бол Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлэх, Засгийн газар тогтвортой ажиллах, Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн төслийг УИХ-аас дураар өөрчилдгийг хязгаарлах явдал юм.

62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн амин сүнс болсон эдгээр заалт (25.1.6, 39.4, 43.1, 43.2, 44.1, 44.2) УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор дэмжигдээд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэн шийдвэрлэгдэх гэж байна. Үүнтэй холбогдуулан 2015 оны төслийг санаачилсан УИХ-ын 47 нэр бүхий гишүүний нэг М.Батчимэгийн 2015.06.02-ны өдөр өгч байсан ярилцлагын холбогдох хэсгийг дахин хэвлэж байна. 



-Ерөнхий сайд нь кабинетаа өөрөө бүрдүүлдэг, сайд нартайгаа хариуцлага тооцдог эрхийг энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хийх ёстой гэж улстөрчид ярьдаг. Таны хийсэн судалгаагаар бусад оронд ийм жишиг байх юм уу?

-Хамгийн түрүүнд хийх ёстой өөрчлөлтийн нэг нь энэ гэж би хувьдаа үзэж байгаа. Аливаа гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх баталгаа нь томилгоо, мөнгө хоёр. Хувийн компани дээр л төсөөлөөд үз. Боловсон хүчин, мөнгө хоёроо мэдэхгүй гүйцэтгэх захирал юу хийж чадах вэ. Өнөөдөр Монгол Улсад Ерөнхий сайд гэдэг хүн яг ийм байгаа. Сайд нарыг нь ч, төсвийг нь ч УИХ мэднэ.

Манай УИХ гүйцэтгэх эрх мэдэл рүү хэт их орсон, Засгийн газар бие дааж үүргээ гүйцэтгэх боломжгүй байгаа нь тов тодорхой харагдаж байгаа юм. Ийм нөхцөлд ард түмэн Засгийн газрыг биш, УИХ-ын 76-г буруутгах нь аргагүй шүү дээ. Үндсэн хуулиар Ерөнхий сайд УИХ-д танхимаа төлөөлж ажлаа хариуцна, Засгийн газар улс орны санхүү аж ахуйг авч явна гэсэн заалтууд уг нь байгаа. Гэтэл энэ бүхнийгээ хэрэгжүүлэх баталгааг процессоор нь зааж бий болгож өгөөгүй учраас тунхаг болон үлдэж.

Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн хамгийн чухал бөгөөд тулгамдаж байгаа асуудал гэж үзсэн Гүйцэтгэх эрх мэдлийг бэхжүүлэх асуудлаар судалгаа хийлээ. Бидний судалсан парламентын засаглалтай 30 гаруй орны дотор Монгол, Ирланд, Словен гэсэн гуравхан улсад парламент нь сайд нараа томилж байна. Бусад бүх оронд Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлж байна. Мөн ихэнх орнуудад Засгийн газраас өргөн барьсан төсөвт парламент өөрчлөлт оруулах боломж нь бага, Үндсэн хууль болон бусад хуулиараа парламент Засгийн газрын өргөн барьсан төсөвт өөрчлөлт хийх боломжийг ихээхэн хязгаарласан байна.

Засгийн газар өөрийн үндсэн үүрэг болох макро эдийн засгаа удирдах, төсөв, санхүүгийн бодлогоо чиглүүлэх боломж ингэж бүрдэж байна. Бусад оронд парламент төсвийн бодлогод илүү хянах, баталгаажуулах, буцаад хяналт тавих гэсэн үүрэгтэй л оролцож байна.

-Тэгвэл таны дээр дурдсан өөрчлөлтүүдийг хийлээ гэхэд өнөөгийн манайд нүүрлээд буй засаглалын хямралыг шийдэж болно гэж ойлгож болох уу?

-Үндсэн хуулиа өөрчиллөө гэхэд өргөс авсан юм шиг маргааш нь эсвэл жилийн дотор бүх зүйл сайхан болохгүй. Гэхдээ энэ бол өнөөгийн хөл толгойгүй байдлыг цэгцлэх гол гарц. Өнөөдөр Монгол Улс бодит байдалд нэг биш, 76 Ерөнхий сайдтай мэт байна. УИХ-ын гишүүн бүр сайд томилолцож, төсөв хуваарилалцаж байна. УИХ эдийн засгийн бүх асуудал руу, Засгийн газрын хийх ёстой ажил руу хэт гүнзгий орж, хутгалдаж байна.

Манайд олон жил ярьсан төмөр зам, цахилгаан станцууд гэхчлэн том төслүүд явахгүй байгаагийн нэг шалтгаан энэ шүү дээ. Бусад улс оронд Засгийн газар нь галт тэрэгний зүтгүүр шиг эдийн засгаа чирж урагшилж байхад манайд бараг л 76 тийш чангааж байна. Ийм нөхцөлд Монгол Улс байрнаасаа хөдлөх амаргүй. Ийм байх нь аргагүй.

Сүүлийн үед популистууд олширлоо, тэднээс болж эдийн засаг муудлаа гэж их шүүмжилдэг. Хүмүүсийг шүүмжилж болно. Улс төрчдөд, УИХ-ын гишүүдэд алдаа байгаа гэдэгтэй маргахгүй. Гэхдээ тоглох талбар, тоглоомын дүрэм нь улс төрчдөд ямар боломж өгөөд байна вэ гэдгийг харах нь чухал. УИХ уг нь том бодлого, хуулиа баталж өгөөд хэрэгжүүлж байна уу гэдгийг нь хянаад сууж байх ёстой газар.

-УИХ сайд нарыг томилохоо больж, Ерөнхий сайд Засгийн газраа өөрөө байгуулах боллоо ч гэсэн нэгэнт олон намын парламент, олон намын сайд нар байгаа цагт Засгийн газар танхимын зарчмаар баг болж нэг зүгт зүтгэх боломж бүрдэх болов уу?

-Байдал хамаагүй дээр болно. УИХ сайд нарыг томилоод байхаар сайд нар намайг манай нам, манай фракц л сайд болгосон гэх, эцсийн дүндээ намаа/ фракцаа илүү сонсох хандлагатай байдаг. Сайд муу ажилласан ч ажилдаа үлдэх эсэхийг Ерөнхий сайд биш, УИХ л шийднэ. Өнөөдрийн л дүр зураг гэсэн үг. Ерөнхий сайдаас илүү нам, парламентын удирдлагаар хөдөлдөг сайд нартай. Олон удирдлагатай учир багаар ажиллах боломж угаасаа хомс.

Харин сайд нарыг томилох, огцруулах бодит эрх мэдэл Ерөнхий сайдад байгаа нөхцөлд Засгийн газар маш их хариуцлагатай болдог нь бидний судалгаа хийсэн орнуудын жишээнээс тод харагдаж байна.

Нэгд, хэдийгээр өөр өөр намуудаас сайд нар санал болгодог ч парламентын өмнө огцрох хариуцлагыг ганцаараа хүлээдэг Ерөнхий сайд намуудаас чадварлаг сайдыг нэхэж, олж сонгож авахыг эрмэлздэг.

Хоёрт, муу ажилласан сайдыг огцруулах бодит эрх нь Ерөнхий сайдад байх учраас сайд нар Ерөнхий сайдаа сонсч, нэг баг болж ажиллах нөхцөл илүү бүрдэнэ.

Гуравдугаарт, олон улсын жишээнээс харахад сайдыг огцруулах эрхгүй парламент сайнаар хэлбэл Засгийн газрын бодитой үйл ажиллагаанд хяналт тавих, муугаар хэлбэл хийж байгаа ажилд нь хяналт шалгалт хийх, алдаа доголдлыг нь мөрдөж мөшгих эрмэлзэл ихтэй байдаг. Ингэснээр парламентын хяналт илүү бодитой болдог юм байна. Манайд бол УИХ сайдыг өргөн барина гэдэг том зэвсгээрээ далайлгаад бодит ажил хэрэг, хууль хэрхэн хэрэгжүүлж байгаад нь хяналт тавих явдал дутмаг байдаг.

-Засгийн газрын томилгоо, төсвийн эрх мэдлээс өөр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай асуудлууд байгаа байх?

-Нэгэнт Үндсэн хуульдаа гар хүрсэн бол нэг мөр шийдчих хэд хэдэн чухал асуудал бий. Жишээ нь Засгийн газраа илүү тогтвортой ажиллуулах механизмыг Үндсэн хуулиар баталгаажуулах нь маш чухал. Үндсэн хуулийн өөрчлөлтийг ойр ойрхон хийх нь буруу. Тиймээс энэ өөрчлөлтийг ядаж ирэх 15-20 жилээ харж хийж байгаа бол УИХ-ын гишүүдийн тоог нэмэх зайлшгүй шаардлага байгаа.

Гишүүдийн тоо хэт цөөн байх нь гишүүд нөлөөнд автах, нэг гишүүний нөлөө хэт өндөр байх, гишүүдийн тоо цөөн байгаагаас нэг гишүүн олон байнгын хороонд хамрагдах, ингэснээр УИХ-аас гарч байгаа хуулиуд чанаргүй болох гээд олон зүйл ажиглагдаж байна. Монгол Улс хоёр сая хүнтэй байхдаа 76 гишүүнтэй болсон. Дараагийн 15-20 жилд хүн амын тоо дөрвөн сая хүрнэ шүү дээ.

Зураг