Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

Европын хиймэл дагуул Илон Маскийн хиймэл дагуултай мөргөлдөх шахжээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Илон Маскийн SpaceX компанийн хиймэл дагуултай мөргөлдөх гэж байсан хиймэл дагуулынхаа замыг өөрчлөх арга хэмжээ авсан тухай Европын Сансрын Агентлаг ESA өчигдөр мэдээлжээ.

Тус байгууллагa Даваа гарагт судалгааны хиймэл дагуул Aeolus Earth-ынхаа тийрэлтэт хөдөлгүүрийг ажиллуулж, траекторыг нь өөрчлөх арга хэмжээ авсан байна. Aeolus нь дэлхийн салхины урсгалын мэдээллийг цуглуулахаар өнгөрсөн онд тойрог замд ажиллаж эхэлсэн юм.

Америкийн хиймэл дагуултай мөргөлдөхөөс сэргийлэх хамгийн аюул багатай арга нь хиймэл дагуулын байрлалын өндрийг нэмэгдүүлэх байсныг ESA мэдээлжээ.

Мөн тус агентлаг анх удаагаа идэвхтэй ажиллаж буй хиймэл дагуултай мөргөлдөх аюултай тулгарснаа мэдээлсэн байна. Урьд өмнө нь зөвхөн ашиглагдахаа болиод тойрог замд хаягдсан хөлөг, хиймэл дагуулын сэгтэй мөргөлдөхөөс сэргийлж, хиймэл дагуулын замыг өөрчилж байсан гэнэ.

SpaceX компанийн төлөөлөгч өөрийнх нь хяналтын системд алдаа гарснаас Европын хиймэл дагуултай мөргөлдөх эрсдлийг гүйцэд олж хараагүйг мэдээлжээ.

Илон Маскийн 2002 онд байгуулсан тус компани энэ онд Starlink нэртэй төсөл эхлүүлж, тойрог замд 60 хиймэл дагуул илгээгээд байгаа. Хиймэл дагуулуудын тоог цаашид 12,000 хүртэл нэмэгдүүлж, дэлхийн бөмбөрцгийг бүрхэх төлөвлөгөөтэй байгаа юм.

Уг төслийн зорилго нь өндөр хурд, хямд өртөгтэй интернэт сүлжээгээр бүх дэлхийг хангах.

Гэхдээ Илон Маскийн энэ төлөвлөгөө тойрог замын ачааллыг нэмэгдүүлж, осол гарах магадлалыг нэмэгдүүлж байна гэж шүүмжлэх хүмүүс байгаа. Энэ асуудалтай холбоотойгоор ESA ирэх арваннэгдүгээр сард тойрог замын аюулгүй ажиллагааны сэдвээр хурал зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

Эх сурвалж: AFP