Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэг улс хоёр сая орчим хүнийг иргэний харьяаллаасаа хасах гэж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагт Энэтхэгийн зүүн бүсийн Ассам мужийн захиргаа өөрийн иргэдийн бүрэн жагсаалтыг сүүлийн байдлаар нийтэд зарлажээ.

Энэ нь Энэтхэг улсын иргэнд тооцогдож байгаа хүмүүсийн нэрсийн жагсаалт юм. Жагсаалтад ороогүй 1.9 сая хүн гарсан байна.

Тэдгээр хүмүүс Энэтхэгийн уугуул иргэн гэдгээ даруй батлан харуулахгүй бол тус улсын нутаг дэвсгэрээс хөөгдөхдөө тулаад байгаа юм.

Иргэд нэрсийн жагсаалтад нэр нь байгаа эсэхээ вэб сайтаар болон засаг захиргааны байранд биечлэн очиж шалгах боломжтой гэнэ.

Нэр нь байхгүй хүмүүс өөрийгөө болон өвөг дээдсээ 1971 оноос өмнө Энэтхэгт амьдарч байсныг батлан харуулах ёстой.

Иргэдийн жагсаалт гаргадаг энэхүү хачин журам зөвхөн Ассам мужид үйлчилдэг бөгөөд 1951 оноос хойш хэрэгжиж байгаа. Үндсэн зорилго нь хөрш зэргэлдээ Бангладеш улсаас ирэх цагаачдыг хязгаарлах юм.

Мөн тус мужийн 30 гаруй сая хүн амын гуравны нэгийг эзэлдэг муслим хүн амыг цөөлөх далд бодлоготой гэж ажиглагчид дүгнэдэг.

Нэр нь жагсаалтад багтаагүй хүмүүс 120 хоногийн дотор уугуул иргэн гэдгээ батлан харуулах ёстой. Тэдний баталгааг хүлээн авч шалгах 100 орчим комисс муж даяар ажиллаж байгаа ба ойрын үед тоог нь 200 хүргэхээр төлөвлөжээ.

Комисс зургаан сарын дотор тухайн хүнийг Энэтхэгийн иргэн мөн бишийг шалгаж тогтоох үүрэгтэй. Иргэдийн нэрсийг зарлах үеэр үймээн самуун гарахаас сэргийлж Ассамд хэдэн арван мянган цагдаа, цэрэг бэлэн байдалд ажиллаж байна.

Урьд өмнө хүчирхийлэл гарч байсан түүхтэй газруудад дөрвөөс дээш хүн нэг дор цугларахыг хориглосны дотор Ассамын гол хот Гувахати багтжээ.

 

Эх сурвалж: Quartz