Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

Японы дайнч улс төрч маргаантай арлуудыг Өмнөд Солонгосоос хүчээр буцааж авах санаа гаргажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Японы парламентын гишүүн Маруяама Ходака

Японы парламентын доод танхимын гишүүн 35 настай Ходака Маруяама хөрш орнуудтай дайн хийх тухай санаа гаргаж, олны анхаарал татдагаараа алдаршаад байна.

Өнгөрсөн тавдугаар сард тэр ОХУ-ын захиргаанд байдаг, Япон улс өөрийн газар нутаг гэж үздэг дөрвөн арлын нэгэнд зочлохдоо болгоомжгүй үг хэлж, шүүмжлүүлж байжээ. 

Архи ууж согтсон Маруяама тухайн үед маргаантай арлуудыг цэргийн хүчээр буцааж авах хэрэгтэй гэж ярьсан нь Японы хэвлэлүүдээр цацагдаж, дуулиан тарьж байв. Тэрээр энэ үгнийхээ төлөө өөрийн Японы Инновацийн намаас хөөгдсөн юм.

Зургаадугаар сард Японы парламент түүнийг өөрийн хүсэлтээр огцрохыг шаардахад Маруяама хүлээж аваагүй өнгөрсөн байна.

Тэгвэл өнгөрсөн Бямба гарагт тэр Өмнөд Солонгостой дайтаж, маргаантай арлыг буцааж авах санаагаа твиттер сүлжээгээр илэрхийлжээ.

Хоёр орны дунд газар нутгийн маргаан үүсгэдэг хос хадан цохионоос тогтох арлыг Японы тал Такешима, Өмнөд Солонгосын тал Докдо арал гэж нэрлэдэг.

Тус арал одоо Өмнөд Солонгосын захиргаанд байгаа. Маруяама твиттер хуудсандаа “Такешимаг яриа хэлэлцээний замаар буцаан авч чадах уу? Зөвхөн дайн хийх замаар буцааж авах боломжтой мэт харагдаж байна” гэж бичжээ.

Маруяамаг ингэж бичсэн өдөр Өмнөд Солонгосын парламентын зургаан гишүүн Докдо аралд зочилж, Токиогийн эрх баригчид албан ёсны эсэргүүцэл илэрхийлээд байсан юм.

Япон, Өмнөд Солонгосын харилцаа сүүлийн хоёр сарын хугацаанд түүхэн доод хэмжээндээ хүрч муудаад байгаа. Хоёр улсын засгийн газар колоничлолын үеийн түүхтэй холбоотой маргааны улмаас харилцан нэг нэгнийхээ эсрэг худалдааны хориг арга хэмжээ аваад байна.

Японы засгийн газар Өмнөд Солонгосыг импортын "цагаан жагсаалт"-аасаа хасах шийдвэр гаргасан нь өнгөрсөн долоо хоногоос хэрэгжиж эхэлсэн бол Өмнөд Солонгосын засгийн газрын хариу арга хэмжээ энэ сард хэрэгжиж эхлэх юм.

 

Эх сурвалж: Asahi Shimbun