Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

"500 сая төгрөг өгнө гэж амласан учраас Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг гүтгэсэн гэдгээ Ц.Амгаланбаатар захидалдаа нотолсон"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаарх байр суурь болон цаг үеийн асуудлаар Шударга иргэдийн нэгдсэн эвсэл (ШИНЭ) өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, эвслийн дарга Ж.Батзандан "Хоёр дахь асуудал бол Б.Хурцын хэрэг буюу Эрүү шүүлттэй холбоотой шүүх хурлын талаар мэдээллийг та бүхэндээ өгье гэж хүсэж байна.

Монгол Улсын хуулиар шүүх аливаа шийдвэр гаргасан бол тэр шийдвэрээ 14 хоногийн дотор баталгаажуулж, холбогдогч этгүүдэд хүргүүлдэг. Хогбогдогч этгээд гэдэг нь шүүгдэгч, прокурор, өмгөөлөгч болон иргэний нэхэмжлэгчийг хэлдэг.

14 хоногийн хугацаа нь өнөөдрөөр дуусгавар болж байгаа гэж би ойлгож, хүлээж авч байна. Шүүхийн шийдвэрийг хүлээж авсны дараа прокурор хоёр үндсэн арга хэмжээ явуулдаг.

Нэгд, Эсэргүүцлээ бичиж болно. Энэ нь тухайн шийдвэр буруу гарсан байна гэж үзэж байвал Прокурор эсэргүүцлээ бичиж шүүхэд шаардлагаа хүргүүлэн давж заалдах шатны шүүхийг хуралдуулаад шийдвэр гаргаад явдаг дүрэм бий.

Эсвэл прокурор эсэргүүцлээ бичихгүйгээр нэмэлт мөрдөн байцаалтын үйл ажиллагааг үргэлжлүүлэх. Энэ нь шүүхээс тогтоогдсон, дутуу хийгдсэн мөрдөн шалгах ажиллагааг гүйцээгээ буцаад шүүх рүү шилжүүлдэг дүрэм журам байгаа.

Шүүх хурлын дараа шүүх хурлын талаар иргэд олон түмэн мэдээлэл авахыг хүсэж байгаа.

Ц.Амгаланбаатар гэдэг хүнийг та бүхэн мэдэж байгаа. Тэр хүн бол гол эрүүдэн шүүсэн хүн. 

16 настай байхдаа С.Зориг агсны амийг хөнөөсөн гэж мэдүүлэг өгсөн тэр этгээд Төрийн гурван өндөрлөгт болон УИХ-ын гишүүдэд захидал ирүүлсэн.

Захидалдаа "Энэ эрүүдэн шүүсэн этгээдүүд 500 сая төгрөг надад өгнө гэж хэлсэн. Мөн намайг гадаадад амьдруулна гэж амласан. Ийм учраас би Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг гүтгэсэн. Гэтэл 500 сая төгрөгөө ч өгсөнгүй. Намайг гадагшаа ч гаргасангүй. Дахиж би гүтгэж чадахгүй" гэдэг асуудлаа дахин дахин нотолж, хандсан байна.

Харин Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар "Бид энэ гэмт хэргийг үйлдээгүй. Биднийг эрүүдэн шүүж байгаад энэ хэргийг хүлээлгэсэн" гэдэг байр суурь дээрээ өнөөдрийг хүртэл хатуу зогсож байна.

Ээжийнх нь хашаа руу цогцос хаясан, шоронгийн өрөөнд нүцгэн, шалдан хоригдлуудыг оруулж, дарамтлуулсан нь нотлогдсон байна.

Б.Содномдаржаагийн хавиргыг нь хугартал зодож, балбасан нь ч нотлогдсон байна.

Одоо 14 хоног нь дуусаж байгаа учраас прокурор ажлаа хийх ёстой гэсэн байр сууртай байна.

Прокурор шүүхийн шийдвэрийг хүлээж авснаас хойш ямар үйл ажиллагаа явуулахаас тус хэргийг шийдвэрлэх асуудал цаашаа хэрхэн үргэлжлэх нь тодорхой болно гэж бид харж байгаа.

Эрүү шүүлт тулгаж, Монгол Улсын иргэдийг хэлмэгдүүлсэн Б.Хурц тэргүүтэй нөхдүүд үнэнд гүйцэгдэнэ гэдэгт би болон Түр хорооны гишүүд бүрэн итгэлтэй байгаагаа та бүхэнд дуулгая" хэмээн ярилаа.