Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

ГАДААД ЗАХ ЗЭЭЛИЙН ГОЛЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД: 9 дүгээр сар

ikon.mn
2019 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Голомт банкны “Гадаад арилжааны алба”-наас сар бүрийн эхэнд тухайн сард болох дэлхийн эдийн засагт нөлөөлөх голлох үйл явдлуудыг нэгтгэн хүргэж байна.



АНУ ба БНХАУ хэлэлцээрийн ширээний ард дахин сууна: Жил гаран хугацаанд сунжирч багагүй хүндрээд байгаа гадаад худалдааны дайныг шийдвэрлэх зорилгоор хоёр их гүрэн энэ сард хэлэлцээрийн ширээний ард дахин суухаар төлөвлөж байна.

Өнөөгийн байдлаар АНУ нь БНХАУ-аас худалдан авч буй 550 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнд 15-30 хувийн тариф ногдуулсан бол БНХАУ нь АНУ-аас худалдан авдаг 110 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнд 10-25 хувийн тариф ногдуулаад байна. Мөн 9-р сарын 1-ээс хоёр улсын бие биеэндээ ногдуулсан тарифууд албан ёсоор хэрэгжиж эхэллээ. 2018 оны эхээр эхэлсэн уг асуудалд талууд маш хатуу байр суурьтай байгаа юм.

АНУ-аас БНХАУ-д тариф ногдуулсан даруйд БНХАУ-ын зүгээс хариу арга хэмжээ авч буйгаар тэдний байр суурийг тодорхой харж болно. Трампын зүгээс өнгөрсөн долоо хоногт “Хятад нь хэлэлцээрийн ширээний ард сууж нухацтай ажиллахаар боллоо” гэж жиргэснээс өөрөөр ямар нэгэн ахицгүй байна. Харин Хятад уг жиргээний хариуд ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй хэвээр байна.

АНУ-ын Холбооны нөөцийн сан (ХНС) бодлогын хүүгээ зарлана: Жилд найман удаа хуралдаж АНУ-ын төдийгүй, дэлхийн санхүүгийн зах зээлд шинэ тэнцвэрийг тогтоож хандлагыг тодорхойлдог ХНС-гийн ээлжит хурал энэ сард болно. 2016 оноос хойш нийт 9 удаа өсгөсөн мөнгөний бодлогын хүүг анх удаа 2019 оны долдугаар сард бууруулсан билээ. ХНС-гийн зүгээс хүүг бууруулж буй шалтгаанаа тайлбарлахдаа “АНУ-ын эдийн засгийн өсөлт гадаад худалдааны дайнтай холбоотойгоор саарах нөхцөл үүссэн тул өсөлтийг дэмжих зорилгоор хүүг бууруулсан” гэв.

Харин цаашид тогтмол бууруулж мөнгөний тууштай зөөлөн бодлого барихгүй гэдгээ мэдэгдсэн. Гэвч уг шийдвэрийн дараа Трамп Хятадын 300 тэрбумын бүтээгдэхүүнд 15%-ийн тариф ногдуулсан бол Хятад нь АНУ-ын 75 тэрбумд ногдуулаад байсан тарифаа өсгөсөн. Ингэснээр эдийн засгийн өсөлт улам саарах нөхцөл байдал үүсэх тул ХНС-г дахин хүүгээ бууруулна гэсэн таамаглал зах зээлд давамгайлж байна. Энэ сарын 17-18-ны өдрүүдэд хуралдаж шийдвэрээ гаргах тус сангийн тэргүүн Жероме Повел хоёр долоо хоногийн өмнө Жаксон Холлд болсон төв банкуудын жил тутмын хурлын үеэр мөнгөний зөөлөн бодлого барих талаар зах зээлд сигнал өгсөн билээ.

Шинжээчдийн хувьд бодлогын хүүг буруулах нь гарцаагүй бөгөөд гагцхүү хэдэн хувиар бууруулах тал дээр таамаглалууд янз бүр байна. Харин Трампын зүгээс ХНС-г бодоогын хүүгээ хурдан хугацаанд их хэмжээгээр бууруулсангүй гэж шүүмжилсээр байгаа юм. Учир нь бодлогын хүү өндөр байгаа нь ам.долларыг чангалахад хүргэж улмаар АНУ-ын гадаад худалдааны алдагдлыг улам өсгөсөөр байгаа юм. Харин Хятадын хувьд юаны ханшаа аль болох сул барих бодлого баримталсаар байгаа юм. Ямартай ч гадаад худалдааны дайнаас үүдэн ХНС-ийн мөнгөний хатуу бодлого зөөлөрч эхлээд байна. Гагцхүү ямар хурдтайгаар нөхцөл байдал өөрчлөгдөх нь зах зээлд оролцогчдод нэн чухал байгаа юм. 

Алтны ханш:

 

Зэсийн ханш:

 

Доу Жонсийн индекс

 

Хонг Конгийн биржийн индес /Хан Сенг/

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.