Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

Соломоны арлууд Тайванийг Бээжингээр солихоор бэлдэж эхэлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Соломоны арлууд улсын ерөнхий сайд Манассех Согаваре

Тайваньтай дипломат харилцаатай цөөхөн улс орнуудын нэг Соломоны арлууд саяхан Бээжинтэй хэлэлцээ хийх засгийн газрын түр хороог байгуулснаа мэдэгджээ.

Яриа хэлэлцээний үр дүнгээс хамаарч Номхон далайн арал улс өөрийн түншээ сольж магадгүй байна. Хэрвээ ингэвэл Тайванийг хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосон дэлхийн улс орнуудын тоо 16 болж буурах юм.

Соломоны арлууд нь 1983 онд анх Тайваний тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч байжээ. Наймдугаар сарын дундуур тус улсын засгийн газрын найман сайд, ерөнхий сайдын зөвлөх зэрэг албаны хүмүүс Бээжинд зочилсон юм.

Үүний дараа Соломоны арлуудын засгийн газар Тайваньтай харилцах харилцаагаа үнэлж, цэгнэх түр хороог байгуулж байна. Хорооноос гаргасан зөвлөмжийн дагуу Тайваниас дипломат харилцаагаа салгаж, Хятадыг шинэ түншээрээ сонгох бололтой.

Ерөнхийлөгч Цай Ин Вэний эх газраас салан тусгаарлах үзэлтэй засгийн газар Тайваний төрийн эрхэнд гарснаас хойш Хятадын засгийн газар дэлхийн тавцанд тус арал улсыг ганцаардуулах бодлого эрчимтэй явуулж байгаа. 

Үр дүнд нь өнгөрсөн онд Төв Америкийн Эль Сальвадор, Баруун Африкийн Буркина Фасо, Карибын тэнгисийн Бүгд Найрамдах Доминикан улсууд дипломат харилцаагаа Тайваниас Бээжин рүү шилжүүлсэн юм. 

Одоогоор Номхон далайн бүсийн зургаан жижиг улс Тайваньтай дипломат харилцаатай байдаг нь нийт харилцаатай улсуудын гуравны нэгээс илүүг бүрдүүлж байна.

Тайваний засгийн газар 2019-2020 оны төсөвтөө Соломоны арлуудад $8.5 саяыг тусламж болгон өгөхөөр тусгажээ.

Соломоны арлууд улс нь 600,000 гаруй хүн амтай. 

 

Эх сурвалж: Reuters