Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

Хонг Конгийн тэмцэгчид нисэх буудлын замуудыг хааж, аялагчдыг явгалав

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хонг Конгийн тэмцэгчид тус хотын олон улсын нисэх буудал хүрэх замуудыг хааснаас аялагчид явган алхахад хүрсэн байна.

Тэд автозамуудыг хааж, нисэх буудлын төмөр зам дээр хог овоолж хөдөлгөөнийг нь саатуулжээ. Дэлхийд хамгийн өндөр ачаалалтай буудлуудын тоонд ордог Хонг Конгийн олон улсын нисэх буудал хоёр дахь удаагаа тэмцэгчдийн халдлагад өртөөд байна.

Өнгөрсөн сард тэмцэгчид тус буудлын ирэх болон явах зорчигчийн танхимуудыг эзэлж, үйл ажиллагааг нь хэдэн өдрийн турш саатуулж байв.

Бямба гарагт Хонг Конгт цагдаагийн зөвшөөрөлгүй томоохон эсэргүүцлийн жагсаал болсон юм. Жагсагчдыг тараахын тулд цагдаа нар усан буу ашиглажээ. Ингэхдээ дараа нь таньж баривчлахын тулд хөх өнгийн будагтай усаар жагсагчдыг шүршсэн байна.

Өнгөрсөн Баасан гарагт ардчилсан хөдөлгөөний хоёр удирдагчийг цагдаа нар баривчилсан ч сүүлд батлан даалтаар суллажээ.

 

Гэмт хэрэгтнийг эх газрын Хятадад шилжүүлэх хуулийн төслийг буцааж татахыг шаардсан Хонг Конгчуудын тэмцэл 13 дахь долоо хоногтоо үргэлжилж байна.

Гэвч Бээжингийн эрх баригчид хуулийн төслийг буцааж татахыг Хонг Конгийн засаг захиргаанд зөвшөөрөхгүй байгаа юм.

 

Эх сурвалж: Business Insider