Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Мэдээллийн технологийн "Nest" ахлах сургууль нээлтээ хийлээ

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай Нэст ахлах сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт наймдугаар сарын 31-ний Бямба гаригт боллоо.

Нээлтийн арга хэмжээнд АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд эрхэм Майкл Клечески, төрийн соёрхолт, түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатар нар оролцож  сурагчдад хандан үг хэлж, хичээлийн жилд нь амжилт хүссэн юм.

Нэст ахлах сургуулийн түнш байгууллагуудын төлөөлөл болох Ай түүлс ХК-ийн захирал Б.Тамир, Инфинит солюшн ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Саруул нар сургуулийн нээлтэд ирэв.

Өнгөрсөн тавдугаар сарын 25-нд нээлттэй хаалганы өдрөө зохион байгуулж байсан Нэст ахлах сургууль нийт 800 гаруй хүүхдээс элсэлтийн шалгалт авч 100 гаруй сурагчидтайгаар 2019-2020 оны хичээлийн жилээ угтаж байна.

Тус ахлах сургууль гурван жилийн хөтөлбөртэй бөгөөд эхний жилд хүүхдүүдэд программ хангамжийн суурь мэдлэг олгох бол хоёр дахь жилээс программ дизайн, программ хөгжүүлэлт, мобайл хөгжүүлэлт гэх мэт дагнасан чиглэлээр мэргэшүүлэхээр төлөвлөжээ.

Тодорхой нэг чиглэлд мэргэшиж эхэлсэн сурагчдыг сургалтын бус цагаар Монголын томоохон компаниудад цалинтай дадлага хийлгэх хөтөлбөрт хамруулна гэж тус сургуулийн сургалтын баг онцолж байна. 

 

Нэст ахлах сургуулийн Инноваци хариуцсан захирал Б.Габит хичээлийн шинэ жилийг нээж үг хэлэхдээ “Гурван удаагийн шалгалтыг даваад мөрөөдөлдөө бууж өгөөгүйд  сурагчдаараа бахархаж байна. Хуучин бидний мэддэг байсан мэргэжил цаашид ямар болохыг төсөөлөхөд хэцүү болсон.

Бүх юм технологижиж, хиймэл оюун ухаан руу орчихлоо. Ирээдүйн энэ өөрчлөлтөд бэлдэхийн тулд бид сургуулиа нээсэн. Өмнө нь би биологидоо сайн учраас эмч болно гэдэг байсан бол өнөөдөр биологийг технологитой нийлүүлснээр biotech болох боломжтой.

Хими сонирхдог хүүхэд технологитой хослуулвал medtech хийх боломж бүрдэнэ. Uber шиг компани байгуулах  боломж  ч бий. Тэр бүхэн та бүхний гарт байгаа. Гол нь бууж өгч болохгүй. Бууж өгсөн үед л хөгжил зогсдог.

Манай сургуульд өрсөлдөгч гэж байхгүй. Баг, гэр бүл, хамт олон л  гэж бий. Биенээ хүндэлж, хайрлаж, өндөр хариуцлагатай байх хэрэгтэй. Энэ бол Мөрөөдлийн чинь хамгийн гол үндэс” хэмээн онцолсон юм. 

Нэст ахлах сургуулийн нээлтэд оролцсон хүмүүсийн сэтгэгдлийг хүргэе.

Майкл Клечески: Нэст ахлах сургууль Монголын хөгжлийн гүүр болно гэдэгт эргэлзэхгүй байна

 

АНУ-аас Монгол Улсад суугаа бүрэн эрхт элчин сайд Майкл Клечески “Өнөөдөр болж буй үйл явдал  боловсролын салбарт төдийгүй Монголын ирээдүйд хийж буй том хөрөнгө оруулалт. Энэ чиглэлээр гүнзгийрүүлж сурахаар зорьсон сурагчид, эцэг эхээр нь бахархаж байна. 

Нэст ахлах сургууль Монголын хөгжлийн гүүр болно гэдэгт эргэлзэх зүйл алга. Сурагчдад олон мөрөөдөл бий байх. Зарим нь дэлхийн хэмжээний компаниудад ажиллах мөрөөдөл тээн сургуулийнхаа босгыг алхсан болов уу.

Гаднынхан Монголын байгалийн баялагт татагддаг, гэхдээ монголчуудын билиг оюун авъяас чадварт илүүтэй татагддаг байх. Америк Монголын харилцаа батлан хамгаалах хууль сахиулах, бизнесийн түншлэл, соёл боловсролд анхаарч байгаа.

Өнөөдрийн тухайд хоёр улсын анхаарч буй үндсэн гурван чиглэлийн хоёрт нь хандсан сайхан арга хэмжээ болж байна" гэлээ.

Д.Өлзийбаатар: Монголын ирээдүйн хөгжлийн үүр Нэст-д  засагдаж байж мэднэ

 

Төрийн соёрхолт, түүхч Д.Өлзийбаатар "Хүн төрөлхтний хөгжлийн түүхийг товчхон хэлье. Хүнийг өөрчилсөн зүйл ердөө л технологи. Хүн эхлээд технологийн хүчээр сүхийг бүтээсэн.

Хүн төрөлхтний технологийн хамгийн том нээлтийн нэг нь дугуй. Өнөө хүртэл дугуйн дээр бүх юм эргэж байна. Алх, сүх хэвээрээ ашиглагдсаар байгаа. Энэ үедээ хүн төрөлхтөн олон мянган жил оршсон.

Хүн төрөлхтнийг өөрчилсөн дараагийн технологийг монголчууд  эзэмшиж байсан. Тэр нь хурд. Бас нум сумны технологийг дурдах учиртай. Морь гэдэг амьтныг хурд гэдэг үйл явцтай холбосон.

Хурд технологи хүн төрөлхтнийг эрс өөрчилсөн. Өнөө бидний амьдарч буй цаг үе хурдны эрин зуун. Өдгөө дэлхийн өөрчлөлтийг АНУ, түүний технологи тодорхойлж байна. Монголчууд мөн л технологи, хурдад ялагдсан.

Тэр технологи нь дотоод шаталтын хөөдлөгүүр, галт зэвсэг, буу. Бид тэр үеэс хоцорсон. Үүнийг аж үйлдвэрийн хувьсгал хэмээдэг. XX зуун бол хүн төрөлхтнийг эрс өөрчилсөн.  Өмнөх хэдэн мянган жилээсээ танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн. Тэр нь мөн л технологийн өөрчлөлт. Өнгөрсөн зуун атомын, цөмийн, машины  зуун байлаа.

XX зууны хоёрдугаар хагасаас мэдээллийн технологи гэгч ирээдүйг өөрчлөх том технологи гарч ирсэн. Энэ бол хүн төрөлхтний хөгжлийн товч түүх. Базаад хэлбэл хүн төрөлхтнийг мэдлэг, технологи, хурд, тэр бүхнийг эзэгнэсэн хүн өөрчилж байна. 

XXI зуун бол мэдээллийн технологи, хиймэл оюун ухааны зуун. Энэ асар их хурд, технологийг эзэмшсэн хүнтэй улс л хүчирхэгжинэ. Энэ сургуулиас яг ийм залуус хүчирхэг жигүүрээ дэлгэн ниснэ гэдэгт итгэлтэй байна.

Монголын ирээдүйн хөгжлийн үүр энд засагдаж байж мэднэ. Та нарын энэ хүсэл, эрмэлзэл зорилгоор Монгол улс эрс өөрчлөгдөн шинэчлэгдэж магадгүй. Учир нь ирээдүй дандаа залуусын гарт байдаг" гэлээ.

Г.Золбообаяр: IT-гийн сургууль учраас элсэхийг хүссэн

Нэст ахлах сургуулийн 11-р ангийн сурагч "Би аравдугаар ангиа “Олонлог" сургуульд төгссөн. Арваннэгдүгээр ангидаа Нэст ахлах сургуульд суралцах гэж байна. IT-гийн сургууль учраас элсэхийг хүссэн.

Миний багын сонирхол л доо. Гүнзгийрүүлж сурах гурван чиглэл бий. Нэг нь программ хөгжүүлэлт, бүтээгдэхүүн хийх. Хоёр дахь нь цахим аюулгүй байдал. Хакер гэж ярьдаг даа. Тэр чиглэлээр суралцаж магадгүй.

Гурав дахь нь дэд бүтэц. Аль нэгийг нь сонгоно гэж бодож байгаа. Сургуулийн орчин их  таалагдлаа. Цалинтай дадлага хийх хөтөлбөр нь гоё санагдсан. Том компаниудтай хамтарч байгаа юм билээ" гэсэн юм. 

П.Лхагвасүрэн: Төгсөгчдөдөө гадны том компанид шууд ажиллах хэмжээний чадвар суулгана

 

Бид Нэст ахлах сургуулийн сургалтын менежер П.Лхагвасүрэнтэй сургалтынх нь хөтөлбөрийн талаар тодрууллаа. 

-Сургуулийнхаа сургалтын онцлогийг сонирхуулаач?

-Манай сургуулийн гол онцлог нь мэдээллийн технологийн сургалт. Мэдээллийн технологийн сургалт маань гурван жилийн хөтөлбөртэй. Эхний жилийн хөтөлбөрөөрөө үндсэн суурь ойлголтыг өгнө.

Сууриа олж авчихаад үндсэн гол чиглэлүүдээс гүнзгийрч суралцахыгаа сонгоно. Бүтэн жилийн турш суралцаж мэргэжилтний төвшинд хүрнэ. Мэдээллийн технологийн мэргэжил бол зөвхөн код бичээд компьютерийн ард суудаг ажил биш.

Нийгмийн болоод эдийн засгийн амьдралын бүх салбартай уялдаатай. Тэгэхээр суралцагчид маань зөвхөн код бичих нарийн мэргэжлээс гадна өөрийгөө таниулах, танилцуулах, бүтээгдэхүүнээ сурталчлахаас эхлээд өөр олон чадварт суралцах ёстой.

Дэлхий нийтийн тодорхойлолт нь soft skill. Арванхоёрдугаар ангид нь энэ чиглэлд түлхүү анхаарна. Бүтээгдэхүүн хийх чадвар талд нь онцгойлж анхаарна. Дэлхий даяар код бичдэг хүн өчнөөн байна.

Тэдэн дунд өөрийгөө илэрхийлж, нийгмээ мэдэрч байж илүү амжилттай урагшилна. Энэ чадварыг нь soft skill  гээд байгаа юм.  

-Бүтээгдэхүүн хийх чадварт нь анхаарна гэхээр танай сургуулийг төгссөн хүүхдүүд өөрсдийн бүтээлтэй болно гэсэн үг үү?

-Тэгнэ. Нэг программ, гар утасны нэг апп, нэг тоглоомтой болно гэсэн үг. Тэр боломжийг нь олгоно. Манай сургуулийн арванхоёрдугаар ангийг бизнесийн инкубатор гээд ойлгочихож болно. 

-IT-гаар дэлхийн хэмжээнд гэж яригддаг монгол залуус танай сургуулийн зөвлөх багт багтсан. Тэд ямар үүрэгтэй ажиллах вэ?

-Зөвлөх баг маш чухал үүрэгтэй ажиллана. Ерөнхий боловсролын сургуулиудын гол зорилго бол их, дээд сургуульд амжилттай бэлдэх гэж хардаг бол бид арай өөрөөр харж байна. Манай төгсөгчид гадны том компанид шууд очоод ажиллах хэмжээний чадвартай болох ёстой.

Манай зөвлөх баг асар хурдтай хөгжиж яваа мэдээллийн технологийн салбарын ирээдүй, одоо цаг яг ямар төвшинд явж байгаа тухай мэдээллийг халуун цэгээс нь цаг алдалгүй хүргэж ажиллана.

Facebook-т яаж ажилд орох вэ гэсэн сурагчийн асуултад хамгийн сүүлийн үеийн мэдээллийг халуун дотноор хүргэнэ. Энэ бол үнэлэшгүй том тус.

-Тэгэхээр танай төгсөгчид шууд Facebook, Amazon-д ажиллах хэмжээний мэргэшил чадвар эзэмшээд гарах нь ээ?

-Тэгж ойлгож болно. 

-Сурагчдаа том компаниудад цалинтай дадлага хийлгэнэ гэж сонслоо. Монголд анхдагч жишиг байна даа ?

-Арваннэгдүгээр анги төгссөнийх нь дараа зуны юм уу өвлийн амралтаар нь цалинтай дадлага хийх боломж олгоно. Яг одоогийн байдлаар Хас банк, Голомт банк, Инфинит солюшн, Монгол чат, гэсэн дөрвөн компанитай албан ёсны гэрээ байгуулсан. Цаашдаа өргөжөөд явна. 

-Танай сургууль 800 хүүхдээс 100 хүүхэд шигшиж авсан юм байна. Есдүгээр сарыг нээлттэй хаалганы сар болгоно гэхээр танайд элсэхийг хүссэн хүүхдүүдэд шалгалт өгөх боломжийг бүтэн сарын турш олгоно гэсэн үг үү?

-Тэгнэ.  Мэдээллийн технологийн боловсрол эзэмшихсэн гэж хүсч мөрөөдөж яваа хүүхдүүдэд нэг сарын боломж олгож байгаа. 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.