Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Хөвсгөл аймгаас 14 дүгээр зууны монгол эмэгтэй дайчны булш олджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Энэ зун Хөвсгөл аймагт малтлага хийсэн Эрхүүгийн Үндэсний Судалгааны Техникийн Их сургуулийн археологичид 14 дүгээр зуунд амьдарч байсан 30-аас 40 насны монгол дайчин эмэгтэйн булшийг илрүүлжээ.

Урд Хяр-1 гэгддэг малтлагын газраас тухайн үеийн эмэгтэйчүүдээс өндөр, том биетэй буюу 180 см өндөр эмэгтэй дайчны булш олдсон байна.

Түүнийг эрчүүдийн нэгэн адил зэр зэвсэгтэй нь хамт оршуулсан байжээ. Археологичдын ахлагч, профессор Артур Харинский “Монголын Амазон гэж нэрлэж болохоор энэ эмэгтэй баргийн эр хүнийг дийлэх хүч чадалтай нэгэн байжээ” хэмээн ярьсан байна.

Аварга биет эмэгтэйг урт хутга, сүх, нум, хүрэл бөмбөлөг зэрэг зэр зэвсгийн хамт оршуулсан нь маш ховор тохиолдол гэнэ.

Эмэгтэй дайчны үе мөчний том яс түүнийг хүч чадалтай нэгэн байсныг баталж байгаа ажээ. Дайн тулаанаас авсан бэртэл гэмтэл түүнд байхгүй ч ноцтой өвчин хуучтай байсныг нь тодорхойлсон байна.

Эмэгтэй дайчны бараг бүх шүд унасан байсан бөгөөд шүдний ёроолд нь үүссэн нүхнүүд эрүүний ясанд нь хүрсэн байжээ.

Аарцагны болон эрүүний ясны хэлбэрээр нь түүнийг эмэгтэй хүн байсныг урьдчилж дүгнээд байгаа ба генетикийн нарийн шинжилгээ хийж үүнийгээ баталгаажуулах юм байна.

Оросын археологичид дайчин эмэгтэйн булшийг илрүүлэхээсээ өмнө Урд Хяр-2 малтлагын газраас 13 дугаар зуунд амьдарч байсан өөр нэг баян эмэгтэйн булшийг илрүүлжээ.

 

Тэр эмэгтэйн булшнаас Европ хийцийн гоёл, зүүлт чимэглэл илрүүлсэн байна. Эдгээрийг өрнө зүгт дайтаж яваад эргэж ирсэн нөхөр, эсвэл сүйт залуугийн дайны олз байсан гэж профессор Харинский дүгнэжээ.

 

“Эдгээр зүйлс Европ гаралтай нь тодорхой харагдаж байна. Монгол дайчид өрнө зүгт хийсэн дайнаас буцаж ирээд хайртай хүндээ бэлэглэсэн байх магадлалтай” гэж тэр ярьсан байна.

 
 

Энэ удаагийн малтлагад Монголын талаас Улаанбаатарын их сургуулийн багш, оюутнуудын баг оролцсон гэнэ. Малтлагаас олдсон зүйлсийг судлан шинжлэх ажлыг тус сургуулийн лабораторид гүйцэтгэж, бүх олдворыг Монгол улсын музейд шилжүүлэх ажээ.

 

Эх сурвалж: Siberian Times