Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Гэгээн Елена арлын захиргаа Наполеон Бонапартыг орлох хүнийг хайж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Атлантын далайн өмнөд хэсгийн төвд байрладаг Британийн харьяа газар нутаг Гэгээн Елена арал нь Францын суут цэргийн жанжин Наполеон Бонапартын амьдралын сүүлчийн жилүүдээ өнгөрөөсөн газар юм.

Саяхан тус арлын захиргаа Наполеоны дүрд тоглох хүнийг хайж байгаагаа зарлажээ. 2021 онд тус арал дээр Наполеон нас барсны 200 жилийн ой тохиох бөгөөд энэ үйл явдлыг угтсан олон арга хэмжээ зохион байгуулах юм байна. Түүхэн үйл явдлын ойг ашиглан арлын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зорилт тавьжээ.

Энэ үеэр Наполеоны дүрд тоглох хүн шаардлагатай болоод байгаа гэнэ. Гэхдээ хуурамч Наполеон нь цалингүй, сайн дурын ажилтан байх юм. Намхан нуруутай, жуулчидтай харилцах чадвартай байхаас гадна тус арлын уугуул иргэн байхыг илүүд үзэж байгаа гэнэ. Мэдээж франц хэлний мэдлэгтэй бол давуу тал болно.

Арлын захиргаа хуурамч Наполеоныг хувцас хэрэглэлээр хангах ажээ.

Корсик аралд төрсөн Наполеон Уатерлогийн тулааны дараа олзлогдож 1815 оны аравдугаар сард Гэгээн Еленагийн аралд цөлөгдөж ирсэн юм.

Тэрээр энд зургаан жил амьдарсны эцэст 1821 оны тавдугаар сард нас баржээ. Наполеоны үхлийн шалтгаан маргааны сэдэв болдог. Франц эмчийн хийсэн задлан шинжилгээгээр түүнийг ходоодны хорт хавдраар нас барсан гэж үздэг юм. Зарим түүхчид түүнийг Британийн харгалзагчид нь хордуулсан гэж үздэг.

Галт уулын дэлбэрэлтээр үүссэн Гэгээн Елена арал нь Өмнөд Америкийн эргээс 4,000 км, Африкийн өмнөд эргээс 1,950 км зайтай далай дунд оршдог.

4,500 орчим оршин суугчтай тус арал 2017 онд анхны нисэх  буудалтай болсон. Үүнээс өмнө Өмнөд Африкийн Кэйп Таун хотоос усан онгоцоор тав хоног аялж хүрдэг байжээ.

 

Эх сурвалж: The Guardian