Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп АНУ-ын тагнуулын нууц баримтыг дэлхий дахинд ил болгожээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 8 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Пүрэв гарагт Иран улсын хиймэл дагуулыг тойрог замд хүргэх гэж байсан пуужин хөөрч чадалгүй тавцан дээрээ дэлбэрсэн юм.

Энэ явдлын дараа судлаачид арилжааны хиймэл дагуулуудаас Ираны пуужин дэлбэрсэн газрын зурагнуудыг цуглуулж, шинжилгээ хийж эхэлсэн байна.

Гэтэл тун удалгүй АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп бүтэлгүй иранчуудаар даажигнасан мэдэгдлийг твиттер хуудсандаа нийтлэхдээ пуужин дэлбэрсэн газрын маш өндөр нарийвчлалтай гэрэл зургийг хавсаргажээ.

Трампын дэлгэсэн гэрэл зураг нь АНУ-ын тагнуулын байгууллагаас ерөнхийлөгчид өгсөн нууц мэдээлэл гэдэгт мэргэжилтнүүд итгэлтэй байгаа юм.

Тэд АНУ-ын тагнуул, зэвсэгт хүчин ийм өндөр нарийвчлалтай зураг буулгаж чадсаныг гайхан шагширцгааж байна.

Трамп мэдэгдэлдээ “Хөөргөхөөр бэлдэж байсан Ираны пуужин осолдсонд АНУ буруугүй. Ослын шалтгааныг тодорхойлох ажилд нь би Иран улсад амжилт хүсэн ерөөж байна!” гэж бичжээ.

Түүний тараасан зурагнаас харвал АНУ-ын зэвсэгт хүчний хиймэл дагуулаас тагнах чадвар маш өндөр түвшинд байгаа бололтой. Гэхдээ зурагны авсан өнцгөөс харвал хиймэл дагуулын зураг биш, агаараас авсан зураг байх өндөр магадлалтайг мэргэжилтнүүд хэлж байна.

Пуужинг хөөргөх гэж байсан газар нь Ираны нийслэл Тегеранаас баруун хойд зүгт оршдог Хомейнийн нэрэмжит Сансар Судлалын төв юм.

Энэ газар нь хамгийн ойрын хилээс 200 орчим километр зайтай. Хэрвээ дроноос энэ зургийг авсан бол дрон нь Ираны хилд мэдэгдэлгүйгээр нэлээд гүн нэвтэрсэн болж таарна. Эсвэл 200 км зайнаас зургийг маш сайн татаж буулгасан бололтой.

Нээлттэй эх сурвалжаас зураг боловсруулж, шинжилдэг эксперт Дэвид Шмерлэр “Би ийм нарийвчлалтай зураг өмнө нь харж байгаагүй. АНУ -ын зэвсэгт хүчний чадвар гайхалтай гэдгийг би мэднэ. Гэхдээ л ийм хэмжээнд гэж төсөөлж байгаагүй” хэмээн ярьжээ.

Тэрээр Трампыг нууц зураг тараахаас өмнө арилжааны хиймэл дагуулуудаас авсан зурагнууд дээр анализ хийхэд олон цаг зарцуулаад байсан юм.

АНУ-ын ерөнхийлөгч нь тагнуулын материалыг нууцын зэрэглэлээс гаргаж, олон нийтэд ил болгох эрх мэдэлтэй байдаг.

Гэхдээ энэ тохиолдолд албан ёсны шийдвэр гаргаагүй, зүгээр л дураараа гадаад ертөнцөд үзүүлсэн шинжтэй байна.

Тухайлбал гэрэл зураг дээр камерны флаш гэрэл ойсон, зураг авч байгаа хүний сүүдэр туссан зэрэг нь үүнийг баталж байгаа юм.

АНУ-ын ерөнхийлөгч тагнуулынхны өөрт нь танилцуулсан нууц материалыг олон нийтэд задалсан нь маш ховор тохиолдолд тооцогдож байна.

 

Эх сурвалж: Business Insider