Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

Туркменистаны цагдаа ATM-д дугаарласан иргэдийг баривчилжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Төв Азийн Туркменистан улс бэлэн мөнгөний хомсдолд орсноос иргэд нь банкны ATM машинд хонон өнжин дугаарладаг болоод байгаа.

Тус улсын иргэдийн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг зөвхөн банкны картаар төлдөг юм. Тэгвэл тус улсын зүүн бүсийн Лебап мужид ATM-д дугаарлан зогссон иргэдийг цагдаа нар баривчилсан тухай орон нутгийн эх сурвалж хоёр хоногийн өмнө мэдээлжээ.

Баривчлагдсан иргэдэд ATM-д дахин дугаарлаж зогсохгүй байх заавар өгөөд сулласан байна.

Орон нутгийн байгууллагууд ажилтнууддаа мөн ийм заавар чиглэл өгдөг болжээ. Өнгөрсөн долоо хоногт Туркменистаны ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов мөнгөнд дугаарлаж байгаа иргэдийг шүүмжилж, төв банкны захирал Мердан Аннадурдиевыг ажлаа муу хийж байна хэмээн зэмлэж байгааг төв телевизээр үзүүлсэн юм.

Туркмены иргэд картнаасаа өдөрт 200 манат ($57) бэлнээр авах хязгаартай байдаг. ATM машинууд ихэнхдээ мөнгөгүй болдгоос оногдсон хувиа олж авахад хүндрэлтэй байгаа аж.

Орон нутгийн зарим иргэд нийслэл Ашгабатын ATM-ээс мөнгө авхуулахаар хүнд захидаг бөгөөд ийм үйлчилгээ авсныхаа төлөө 10 хувийг нь хураалгадаг байна.

Байгалийн хийн экспортоос гүнзгий хамааралтай Туркменистаны эдийн засаг түүхий эдийн ханшийн уналтаас шалтгаалан хямралын байдалтай байгаа юм.

Тус улс ЗХУ задарсны дараа тусгаар тогтносноосоо хойш иргэдээ үнэ төлбөргүй ус, хий, цахилгаанаар хангадаг байсныг өнгөрсөн оноос эхлэн зогсоосон.

Өргөн хэрэглээний бараа, хүнсний бүтээгдэхүүний хангамж хүрэлцээ ч муудаад байгаа. 2006 онд ерөнхийлөгч болсон Бердымухамедов өмнөх ерөнхийлөгч Ниязовын нэгэн адил төрөөс олгодог татаас, үнийн хөнгөлөлтөөр ард иргэдийнхээ итгэлийг олж, эрх мэдлийг атгасаар ирсэн юм.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty