Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Халхын голд байгуулсан гавьяа" түүхэн баримтат киноны зураг авалтыг гурван улсад хийжээ

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулан бүтээсэн дөрвөн ангит түүхэн баримтат кино үзэгчдийн мэлмийд хүрэхэд бэлэн боллоо. 

"Халхын голд байгуулсан гавьяа" хэмээх уг баримтат киног Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, ОХУ-ын Батлан хамгаалах яамны дэргэдэх Зэвсэгт хүчний “Звезда” телевизтэй хамтран бүтээжээ.

Киноны нээлтийг есдүгээр сарын 2-нд нээлтээ хийхээр товлож, өнөөдөр энэ талаар киноны уран бүтээлчид мэдээлэл хийв. 

Хоёр улсын хамтарсан баг 2019 оны зургаадугаар сард зураг авалтаа эхлүүлсэн бөгөөд таван хэсэгт хуваагдан 3,300 км зам туулан баримтат ба уран сайхны зураг авалтаа хийжээ.

Тодруулбал, Монгол Улсын хилийн зурвас, Халх гол сум, Дорнод, Хэнтий болон ОХУ, БНХАУ-ын нутагт уран сайхны зураг авалтуудаа хийж, 98 хувийг нь кинондоо ашигласнаа уран бүтээлчид хэллээ. 

"Хилчид улсынхаа хил, газар шороог хамгаалахын тулд зургаан жил тэмцсэн"

Киноны найруулагчаар ажилласан Н.Чингис хэлэхдээ ихэнх зураг авалт хил орчимд явагдахаар байсан тул Хил хамгаалах ерөнхий газарт хамтарч ажиллах санал тавихад нааштай хүлээж авсанд талархаж буйгаа илэрхийлсэн. Түүнчлэн залууст Халх голын дайны ач холбогдол, түүхэн үйл явдлыг харуулах, эх оронч үзлийг төлөвшүүлэхийг зорьж, ажиллалаа хэмээв. 

 
Гэрэл зургийг Mpa.mn

Киноны төслийн зургийн дарга, хилийн зөвлөхөөр ХХЕГ-ын зөвлөх хурандаа Д.Баасанжаргал ажилласан. Тэрбээр "Түүхчид Халх голд хэдэн өдрийн байлдаан болсон талаар маргаантай байдаг. Тэгвэл Халх голд хилчид 1933-1939 онд улсынхаа дархан хил, газар шорооны төлөө зургаан жил тэмцэж байсан. Тэрхүү гавьяаг тодруулж, мөнхжүүлэхийн төлөө энэхүү киног бүтээж буй тул манай байгууллага дэмжсэн" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. 

"Халхын голд байгуулсан гавьяа" кино Халх голын ялалтын 80 жилийн ойн баярын өдрүүдэд МҮОНТ-ээр үзэгчдийн хүртээл болно.