Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Нийслэлийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшил газрын зориулалтыг зөрчсөн 15 иргэн, ААН-ийн эрхийг цуцална"

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Улаанбаатар хотод зөвшөөрөлгүй, ил задгай автомашин, түүний дагалдах хэрэгслийн худалдаа эрхэлж буй иргэн, хуулийн этгээдийн газрыг чөлөөлөхтэй холбоотой асуудлаар холбогдох ажлын хэсгээс өнөөдөр мэдээлэл хийлээ.

НЗДТГ-аас Монгол Улсын нийслэлд хууль бусаар газар эзэмшиж байгаа болон газрыг зориулалтын бусаар ашиглаж буй газруудын зөрчил арилгах арга хэмжээг зохион байгуулсан байна. 

Ингэхдээ зөвшөөрөлгүй буюу зориулалтын бусаар ил задгай автомашин, түүний дагалдах хэрэгслийн худалдаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудтай холбоотой асуудлаар Засаг даргын захирамжийн дагуу ажлын хэсгийг байгуулжээ. 

Хяналт шалгалтын хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшил газрын зориулалтыг зөрчсөн 15 иргэн, ААН байгаа нь тогтоогджээ.

 
Гэрэл зургийг MPA.mn

Иймд “өнөөдрөөс эхлэн ажлын хэсэг эдгээр 15 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийг нь цуцалж, албадан чөлөөлөх ажлуудыг хийнэ. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу нийслэлд автомашины худалдаа эрхлэх нэг цэгийг зааж,  тохижуулсан байдаг. Энэ цэг нээлттэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд бүх худалдаа энэ газар төвлөрөх зохицуулалттай.

Хүний өмчилж авсан газрыг цуцлах эрх нийслэлийн Засаг даргад хуулиар олгогдоогүй ч Монгол Улсын иргэний хуульд заасны дагуу газар өмчлөх эрхийг шүүхээр цуцлуулах боломж нь байгаа юм. Мөн өнөөдрөөс сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлнэ” хэмээн НЗДТГ-ын  Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал хэллээ.

Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2019 оны наймдугаар сарын 20-22-ны өдрүүдэд нийт 62 иргэн, аж ахуйн эзэмшил, өмчлөлийн газраа зориулалтын дагуу ашиглах тухай гурав хоногийн хугацаатай мэдэгдлийг хүргүүлсний дагуу энэ сарын 27-ны өдөр гүйцэтгэлийн хяналтыг хийсэн байна.

Мэдэгдлийн дагуу 62 ИААНБ-аас 16 нь зөрчлөө арилгаж, 46 иргэн аж ахуйн нэгж байгууллага зөрчилтэй хэвээр байгаа нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2-т заасныг зөрчсөн үйлдэл аж. 

 
Гэрэл зургийг MPA.mn

НГЗБ-ын алба Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий “Өмчилж буй газраа зориулалтын бусаар ашиглаж ил задгай автомашин худалдаалж байгаа 31 иргэний газрыг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасныг үндэслэн газар өмчлөх эрхийг хүчингүй  болгох саналыг нийслэлийн Засаг даргад хүргүүлэх болсон.

2018 онд зургаан иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийг хүчингүй болгож, 32 иргэн, аж ахуйн нэгжийн 1,000 гаруй авто машиныг нүүлгэн шилжүүлж зөрчлийг арилгуулсан байдаг” гэлээ.