Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

Талибуудтай энхийн гэрээ байгуулсан ч АНУ цэргээ Афганистанд үлдээнэ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Талибуудтай энхийн гэрээ байгуулж чадсан ч АНУ-ын тодорхой тооны цэрэг Афганистанд үлдэх тухай ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр хэвлэлд ярьжээ.

Fox News радиод ярихдаа тэрээр гэрээ байгуулсны дараа АНУ-ын 8,600 орчим цэрэг Афганистанд байнга байрлана гэж мэдэгдсэн байна.

Яг одоо АНУ-ын засаг захиргаа Талибын хөдөлгөөнийхөнтэй Катарын Доха хотод ес дэх удаагаа уулзаж, 18 жил үргэлжилсэн Афганистаны дайныг зогсоох эцсийн тохиролцоог хийж байгаа.

Одоогоор Афганистанд АНУ-ын 14,000 орчим цэрэг байрлаж, голдуу Кабулын засгийн газрын цэргүүдэд сургалт, зөвлөгөө өгч байгаа. 2014 оноос АНУ-ын зэвсэгт хүчин Афганистанд шууд байлдааны ажиллагаа явуулахаа зогсоосон юм.

Хэрвээ Афганистанаас гаралтай бүлэг АНУ-д террорист халдлага үйлдвэл өмнөхөөсөө ч олон тооны цэрэг дахин илгээхээ Трамп анхааруулсан байна.

Талибууд Афганистаныг олон улсын терроризмын суурь бааз болгохгүй гэсэн амлалт өгвөл АНУ цэргээ энэ улсаас гаргана гэсэн нөхцлийг талууд хэлэлцэж байгаа.

Одоо АНУ-ын тавьсан гэрээний саналын эцсийн хувилбарыг удирдагчид нь Афганистан-Пакистаны хилийн ойролцоо нууц газарт нарийвчлан шалгаж байгааг Талибын командлагч Лхагва гарагт мэдээлсэн юм.

Тэднийг нэгдсэн байр сууринд хүрэхэд цөөн хэд өдөр шаардлагатай гэжээ.

Энэ хооронд хэлэлцээнд АНУ-ын засгийн газрыг төлөөлж байгаа Залмай Хализад Кабулд ирж, Афганистаны ерөнхийлөгч Ашраф Ганид үр дүнгээ танилцуулж байна.

Талибууд энхийн хэлэлцээг Афганистаны засгийн газартай хийхгүй, шууд АНУ-ын эрх баригчидтай хийх шаардлага анх тавьж байсан юм.

 

Эх сурвалж: Reuters