Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Булгаа: Насжилт өндөр автобусуудыг хөдөлгөөнд оролцуулахгүй байх нь нэн тэргүүний шаардлага

ikon.mn
2019 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж Монгол Улсын Засгийн газрын 43 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсов. Агаарын бохирдлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 43 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр нийтийн тээврийн салбарт хэрэгжүүлж буй ажлын талаарх мэдээллийг нийслэлийн Тийтийн тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа танилцуулсан юм.  

Өдгөө Улаанбаатар хотод нийслэлийн өмчит хоёр, хувийн хэвшлийн 16 аж ахуй нэгж 93 чиглэлд, 768 тээврийн хэрэгслээр нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлж байгаа аж. Эдгээр тээврийн хэрэгслээр өдөрт дунджаар 500,000 орчим зорчигч үйлчлүүлдэг байна. Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудаас өнөө жил 873 буюу 73 хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй, тус үйлчилгээнээс хасагдахаар байгаа гэнэ. Үүний 211 нь их багтаамжийн автобус ажээ.

Дээрх тогтоолын хүрээнд нийслэлийн Тээврийн газраас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр тодорхой ажлуудыг авч хэрэгжүүлжээ. Тухайлбал, нийтийн тээврийн хэрэгслүүдийг жилд хоёр удаа техникийн үзлэг, оношлогоонд оруулдаг байна.

Мөн нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглаж байгаа 24 автобусанд тортгийн шүүлтүүр Япон улсын буцалтгүй тусламжаар суурилуулсны дүнд их багтаамжийн автобус тус бүрээс өдөрт дунджаар 181 грамм тортог шүүж устгаж байгаа гэсэн тооцоолол хийжээ. Тус шүүлтүүр нь утааг 90 хүртэлх хувиар шүүдэг аж. Түүнчлэн БНСУ-д үйлдвэрлэсэн утаа шүүгч суурьшуулсан байна.

Цаашлаад байгалийн шахсан хийг ашиглах, ийм чиглэлийн тээврийн хэрэгслийг хэрэглээнд нэвтрүүлэх зорилгоор 80 орчим автобусыг оруулж ирсэн гэнэ. Энэхүү ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн XXI хороонд “LNG” байгалийн хийн хадгалах сав, станцыг байгуулсан байна.

Түүнчлэн анх удаа цахилгаан автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэхээр энэ жил гурван автобусыг туршжээ. Цаашид тус байгууллагын зүгээс нийтийн тээврийн салбарт тулгарч байгаа асуудлуудыг цэгцлэх зорилгоор гурван чиглэлийн ажлыг эрчимжүүлэх шаардлага байгааг Тэргүүлэгчдэд мэдээллэсэн. Тухайлбал,  байгалийн хийг нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлж, хувийн хэвшлийн байгууллагуудыг дэмжиж ажиллах шаардлага байгааг хэлсэн. Мөн нийтийн тээврийн хэрэгслийн парк шинэчлэл хийх, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах ажлын хүрээнд шаардагдах хөрөнгийг шийдвэрлүүлэх хэрэгтэй байгаа гэв. Түүнчлэн насжилт өндөр, техникийн шаардлага хангахгүй болсон автобуснуудыг хөдөлгөөнд оролцуулахгүй байх нэн тэргүүний шаардлага байгааг тус газрын орлогч дарга Х.Булгаа хэлсэн юм.  

Танилцуулгатай холбогдуулан нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хэд хэдэн тодорхой санал хэлсэн. Тухайлбал, Тэргүүлэгч Г.Төмөрбаатар “Нийтийн тээврийн салбарт цахилгаан тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх асуудал манайд хэр зохимжтой вэ. Цахилгаан станцын хүчин чадал хүрэлцэх үү. Бодит байдал дээр цахилгааны хангамжийн хүрэлцээгүй байдлаас шалтгаалан нийтийн тээврийн үйлчилгээ зогсоход хүрвэл яах вэ” гэсэн асуудлыг хөндөж байв. Үүнд нийтийн тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа “Энэ асуудал бол Засгийн газрын хөтөлбөр болон бусад бодлогын баримт бичгүүдэд туссан ажил. Бид үүнийг үе шаттайгаар хэрэгжүүлээд ажил болгоод явах ёстой” гэсэн хариулт өгсөн.

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва Улаанбаатар хот эко хот болох ёстой, цахилгаан болон байгалийн хийг нэвтрүүлэх асуудлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх ёстой гэсэн  байр суурьтай байгаагаа хэлсэн юм. Тэргүүлэгч Д.Бадарсангийн хувьд төрийн өмчит компаниудын парк шинэчлэлийг дариухан шийдэх ёстойг хэлээд цөөн автобусанд шүүлтүүр тавих гээд цаг алдаж байхын оронд цаашид нийтийн тээврийн парк шинэчлэлтийг хийхэд хэчнээн төгрөг шаардлагатай, ямар ажил хийж хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаарх тооцоо судалгаа гаргаж, бодит ажил болгох саналаа танилцуул гэсэн чиглэлийг өгсөн юм.

Парк шинэчлэлийг бүрэн хийхэд 200 автобус шинээр авах хэрэгцээ байгаа бөгөөд үүнд 60 орчим тэрбум төгрөг шаардлагатай байгааг нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа хэлсэн юм. Ийнхүү Засгийн газрын 43 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар нийтийн тээврийн салбарт хийж буй ажлын танилцуулга мэдээллийг Тэргүүлэгчид хэлэлцээд техникийн шаардлага хангахгүй автобуснуудыг шинэчлэх, эко автобус нэвтрүүлэх тодорхой бодлого гаргаж, арга хэмжээ авах, байгалийн хий болон цахилгаан хөдөлгүүрт автобус нэвтрүүлэх талаар бодлого боловсруулан танилцуулахыг мөн үүрэг болгосон юм. Мөн парк шинэчлэл хийхэд шаардагдах 60 тэрбум төгрөгийн төсөвт өртгийг нарийн тооцоолол гарган, боловсруулж хэлэлцүүл гэв.

 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ